П.Дэлгэрнаран: Цар тахлын үед халдвар авсан болон тусгаарлагдсан иргэдийн саналыг зөөврийн хайрцгаар авахад онцгойлон анхаарч байна
Үйл явдал
/
2021-06-08

СЕХ-ноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв. Сонгуульд өөрийн биеэр очиж саналаа өгөх боломжгүй хэвтрийн болон коронавирусийн халдвартай, хөгжлийн бэрхшээлтэй зэрэг хүмүүсээс зөөврийн хайрцгаар өнөөдөр санал авч байгаа юм.

Энэ тухай Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран "Энэ удаагийн сонгуулийн саналыг автоматжуулсан төхөөрөмжөөр тоолохоос гадна бэхэн тэмдэглэгээг хийж, гараар 100 хувь тоолно. Цар тахлын үед халдвар авсан болон тусгаарлагдсан иргэдийн саналыг зөөврийн хайрцгаар авахад онцгойлон анхаарч байна. Цар тахлаас урьдчилан сэргийлэх Засгийн газрын 152 дугаар тогтоол гарсан. Үүнтэй холбогдуулан СЕХ-ноос заавар өгч ажилласан.

Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар улсын хэмжээнд 25,619 хүнээс санал авна. Уг хайрцгаар саналаа өгөх иргэд 18,000 орчим иргэн бий. Цар тахалтай холбоотой 7,051 хүнээс зөөврийн хайрцгаар санал авах юм. Саналаа өгөх хүсэлт гаргах бүх мэдээллийг иргэдэд хүргэсэн. Өдөрт дунджаар 7,000 гаруй хүмүүс тусгаарлах болон эмчлэх байранд байгаа. Улаанбаатарт нийт 457 хэсгийн хороо ажиллаж байна. 1,600 орчим тээврийн хэрэгсэл, 3,200 орчим сонгуулийн байгууллагын ажилтан ажиллана.

Дараагийн сонгуулиас өмнө сонгогчдод цахимаар санал өгөх боломжийг олгох ёстой гэж Сонгуулийн ерөнхий хороо үзэж байна. Нийт 2,087 хэсгийн хороо байгуулагдсан. Уг хэсгийн хороодод 18,146 төрийн албан хаагчид ажиллаж байна. 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн хороодтой нийлээд 20 мянга гаруй албан хаагчид ажиллаж байгаа юм.

Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авч буй энэ үед 60 эмнэлгийн тусламжийн баг ажиллаж байгааг хэлье. Энэ бүрэлдэхүүнээр Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн бэлтгэл ажлыг хийж дуусгалаа. Маргааш буюу зургаадугаар сарын 9-нд санал авах ажиллагааг зохион байгуулахад бэлэн болсныг дуулгая. Улсын хэмжээнд нийт 2,641 даамал дүн дамжуулах ажлыг хариуцаж ажиллана. Халдвартай хүмүүсээс халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиулж саналыг нь авна. Маск, бээлий хэрэглэж мөн ариутгал, халдваргүйтлийг тухай бүрт нь сайн хийнэ" гэлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.22.61.218)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.