Ж.Оюунбилэг: Биобэлдмэлийн үйлдвэр”-ийг бүрэн ажиллагаанд оруулах түүхэн шийдвэрийг гаргаж байгаад баяртай байна
Үйл явдал
/
2021-06-10

Энэ үйлдвэр ашиглалтад орсноор цар тахлын вирусийн эсрэг иммуноглобулин үйлдвэрлэх бүрэн боломжтой.

 

Биобэлдмэл гэж юу вэ?

Биобэлдмэл гэдэг нь вакцин, цусан бүтээгдэхүүн, аллерген, эс, эд, рекомбинант уураг гэх мэт аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх, оношлох зорилгоор хэрэглэдэг  биологийн гаралтай бүтээгдэхүүн юм.

Биобэлдмэлүүдийг зориулалтаар нь:

1.    Эмчилгээний (дархлаа тогтоох ийлдэс, гамма-глобулин)

2.    Урьдчилан сэргийлэх (вакцин, анатоксин)

3.    Оношилгооны (аллерген, эсрэгбиет, нян залгиур)

4.    Сэргээх бэлдмэлүүд (амьтны цусны ийлдэс, АСД бэлдмэл, витамин В12-ын бэлдмэл гэх мэт) гэж ангилдаг.

Биобэлдмэл нь сахар, уураг, нуклеин хүчил зэрэг биологийн молекулуудын нэгдлээс гадна эд, эсээс  бүрддэг. Биобэлдмэлийг хүн, амьтан, бичил биетэн зэрэг амьд организмаас гарган авдаг ба сүүлийн үед биотехнологийн аргаар үйлдвэрлэдэг.

Генийн болон эсийн технологид суурилсан биобэлдмэлийн судалгаа нь био анагаах, анагаахын биотехнологийн тэргүүлэх чиглэл болсон. Орчин үед биобэлдмэлийг бусад төрлийн эмчилгээ хийх боломжгүй өвчнүүдийн эмчилгээнд хэрэглэх зорилгоор судалгаа шинжилгээний ажлууд эрчимтэй хэрэглэдэг юм

Хамгийн чухал биобэлдмэлүүд:

-       Идэвхтэй, идэвхигүйжүүлсэн ба рекомбинант вакцин

-       Гормонууд

-       Интерферон

-       Моноклон эсрэгбиетүүд, дархлаа тогтоох эсрэгбиетүүд

-       Цус, цусан бүтээгдэхүүн

-       Эд, эсийн банк /үүдэл эс/

-       Ашигтай бичил биетний бэлдмэлүүд   

Биобэлдмэлийг нээсэн түүхээс дурьдвал...

Антибиотикийг нээхээс өмнө олон сая хүн шарх, халууралт, цусанд бохир орох, цусан суулга, уушгины хатгаа, сүрьеэ зэрэг орчин үед эмчлэгддэг өвчнүүдээс болж нас барж байжээ. Харин одоо бактерийн гаралтай өвчнүүдийг антибиотикийн тусламжтайгаар эмчилж байна.  

А.Флеминг 1928 онд анхны антибиотик болох пенициллинийг нээсэн

Английн эмч Эдвард Женнер 1796 онд анх цагаан цэцэг өвчний эсрэг вакциныг нээсэн бөгөөд идэвхитэй дархлаажуулалтыг төлөвлөөгөөтэй хийсний дүнд дэлхий дахинд цагаан цэцэг хэмээх аюулт өвчнийг устгаж, олон хүнийг өвчлөл, үхлийн аюулаас аварсан билээ.

Биобэлдмэлийн ач холбогдол:
 

  • Биобэлдмэлийн үйлдвэрлэл нь эмийн үйлдвэрлэлд хувьсгал хийж байна. Чихрийн шижин, хорт хавдар, гепатит С, архаг бөөрний дутагдал зэрэг өвчнүүдийн эмчилгээ илүү үр дүнтэй болсоор байна;
  • Антибиотикт тэсвэртэй халдварыг нян залгиур зэрэг биобэлдмэлийн тусламжтай эмчлэх боломжтой. Нян залгиур нь зөвхөн тухайн бактериа олж устгадаг тул гаж нөлөө илрэхгүй, хүний хэвийн бичил биетийг дарангуйлахгүй, дархлаа сулруулахгүй, бусад эмийн бэлдмэлтэй хамт хэрэглэх боломжтой юм. 
  • Аллерген, эсрэгбиет зэрэг биобэлдмэлүүдийн тусламжтайгаар өвчнийг эрт, богино хугацаанд, найдвартай оношлох боломжтой болсон.
  • Харшлын эмчилгээнд тухайн харшил үүсгэгч аллергеныг ашигласнаар хүний бие махбод харшил үүсгэгчийг урьдчилан таньж улмаар тухайн харшил үүсгэгч биед нэвтрэхэд хариу үйлдэл үзүүлж харшлын шинж тэмдэг бага илэрдэг байна.
  • Ашигтай бактериудын нэгдэл болох линекс, бифем гэх мэт биобэлдмэлүүдийг хэрэглэснээр ходоод гэдэсний микрофлорууд хэвийн хадгалагдаж, өвчин үүсэхгүй байх нөхцөлийг бүрдүүлж, дархлааг дэмждэг.
  • Цусны бэлдмэл болох  альбуминыг  гэмтлийн болон хагалгааны үеийн шок, их хэмжээний түлэгдэлт, элэгний цирроз, архаг идээт үрэвсэл, тэжээлийн доройтол, ходоод гэдэсний шархлаа, хавдар зэрэг өвчний үед үүсэх уургийн дутагдлыг нөхөх зорилгоор хэрэглэнэ.
  • Хүний хэвийн иммунoглобулин – вирүст гепатит, томуу, улаанбурхан, стафилакокк, менингокк гэх мэт халдвараас сэргийлэх, дархлал дутлын бүх хэлбэрүүд, биеийн эсэргүүцэл сулрах, архаг ужиг явцтай өвчин, мэс заслын дараа зэрэг дархлалын тогтолцооны идэвх буурсан үед хэрэглэдэг.
  • Вакцин нь халдварт өвчний эсрэг өвөрмөц дархлаа бий болгохын тулд хэрэглэдэг бэлдмэл. Вакцин тарьснаар тухайн өвчний эсрэг дархлаа тогтох бөгөөд үүсгэгчийг биед орж ирэх үед таньж устгадаг дархлааны эсүүдийг бий болгодог. Товлолт болон нэмэлт дархлаажуулалтад товлосон хугацаанд нь хамрагдснаар үхлийн аюултай олон өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой.

Рекомбинант технологоор гаргасан биобэлдмэлүүд:

-       Цитокин (интерлейкин, интерферон г.м)

-       Гормон (инсулин, соматотропин)

-       Цус бүлэгнэлтийн фактор (ФакторVIII, фактор IX)

-       Фермент (альфа-ДНК-аза, супероксиддисмутаза, тенектеплаза, проурокиназа)

-       Вакцин (гепатит В-ийн вакцин, ХПВ вакцин, томуугийн вакцин, галзуу өвчний вакцинг.м.)

Биобэлдмэл хэрэглэх үед анхаарах зүйлс:

-       Биобэлдмэлийг эмчийн зааврын дагуу, нас, биеийн онцлог, өвчинд тохирсон зохих тун хэмжээгээр, тодорхой хугацаанд зохистой хэрэглэх.

-       Эцэх эхчүүд хүүхдээ товлолт вакцинжуулалтад цаг тухайд нь хамруулах.

-       Вакцин хийлгэхийн өмнө ямар вакцин, хэд дэх тунг хийх гэж буйг эмч, сувилагчаас асуух. Вакцины хадгалалтын хугацаа, бүрэн бүтэн байдлыг шалгах.

-       Биобэлдмэлийг хадгалах, хэрэглэх тухай үйлдвэрлэгчийн зааврыг мөрдөх

Биотехнологийн бүтээгдэхүүний хэрэглээ:

-       АНУ-ын Хүнс, Эмийн Агентлагаар баталгаажсан 200 гаруй төрлийн эм, оношлуур, вакцин зэрэг биотехнологийн бүтээгдэхүүн хэрэглэгдэж байна.

-       Хорт хавдар, зүрх судасны өвчнүүд, вирүсийн гаралтай халдварт өвчин, чихрийн шижин, ДОХ, Альцгеймерийн өвчин, Паркинсоны өвчин зэрэг өвчнийг оношлох, эмчлэх, тэдгээрээс урьдчилан сэргийлэх зориулалт бүхий 400 гаруй төрлийн биотехнологийн бүтээгдэхүүний клиникийн туршилт хийгдэж байна.

-       2030 он гэхэд дэлхийн нийт эмийн бүтээгдэхүүний 80%, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний 50%, химийн үйлдвэрлэлийн 35% нь биотехнологийн бүтээгдэхүүн буюу биобэлдмэл байна гэсэн тооцоог Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас гаргасан байна.

 

НЭМҮТ  Биотехнологи, инновацийн алба


  

Сэтгэгдэл:
Таны IP: (3.12.153.212)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.