Төмөр зам барихад ЦЭРГҮҮДЭЭ сайн удирдсан гэж Жанжин штабын дарга Д.Ганзориг ДЭСЛЭГЧ ГЕНЕРАЛ болно
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-06-11

Зэвсэгт хүчин тэр дундаа цэргийн дээд цол бол ГЕНЕРАЛЫН МӨРДЭС алтан таван хошуу юм. Энэ салбарт үр бүтээлтэй, олон жил тасралтгүй ажилласан, онцгой гавьяа байгуулсан эрхмүүдийг ийн цолоор шагнадаг. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 247 дугаар зарлигаар батлагдсан "Дээд офицерын албан тушаалын ангилал, цэргийн цолны зэрэглэл" ёсоор зөвхөн Зэвсэгт хүчний жанжин штабын даргад л дэслэгч генерал цол олгодог.

Энэ ёсоор Ерөнхийлөгч Х.Баттулгын ойрын хүмүүсийн нэг, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууж генерал Д.Ганзориг ДЭСЛЭГЧ ГЕНЕРАЛ цол хүртэхээр болжээ. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, Засгийн газраас хамтран хэрэгжүүлж буй “ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ”-д зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг гарамгай удирдаж, энх цагийн бүтээн байгуулалтад цэрэг дайчдыг ажиллуулсан зэрэг ажлын үнэлэмжээр ийн цол хүртэж байгаа нэгэн юм.

Хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монголын Зэсвэгт хүчний нийт анги, бие бүрэлдэхүүнийг Төрийн тэргүүн зэргийн “ЧИНГИС ХААН ОДОН”-гоор шагнасан юм.

1944 оны 4 дүгээр сарын 28­-ны өдрийн БНМАУ-ын Ардын Сайд нарын Зөвлөлийн 52 дугаар тогтоолоор Ю.Цэдэнбал, Ж.Лхагвасүрэн нарт дэслэгч генерал цолыг анх олгожээ.[1] БНМАУ-ын Дэслэгч Генерал цолыг 25 хүнд, Монгол Улсын Дэслэгч Генерал цолыг 5 хүнд олгож байсан бол өнөөгийн ЗХЖШ-ын даргад зургаа дахь цэргийн дээд цолтон болох нь. Тэрбээр уг албанд томилогдоод удаагүй байхдаа буюу 2019 оны 10 дугаар сарын 10-нд Дорноговь аймгийн Зүүнбаян сумын нутагт болж, төмөр замын бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцож байхад нь ХОШУУЧ ГЕНЕРАЛ ЦОЛ олгож байсан юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.21.244.217)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.