ЦЕГ-ын дарга асан Ч.Амарболдын ХОШУУЧ ГЕНЕРАЛ цолыг СЭРГЭЭЛЭЭ
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-06-11

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхийнхээ сүүлийн нэг сарын хугацаанд Төрийн дээд одон медалиар шагнах үйл ажиллгааг зохион байгуулж байгаа. Тэрбээр өнөөдөр ЦЭРГИЙН ДЭЭД ЦОЛ олголоо. Энэ үеэрээ  Ч.Амарболд генералын ХОШУУЧ ГЕНЕРАЛ цолыг сэргээлээ. 2008 оны УИХ-ын сонгуулийн санал хураалтын үр дүнгээс үүдэлтэй үймээнд хариуцлага хүлээсэн хүн бол тухайн үеийн ЦЕГ-ын даргын үүрэгт албыг хашиж байсан Ч.Амарболд Генерал юм. Үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийн жагсаалын хурцадмал байдлаас үүсэлтэйгээр Цагдаа нар энгийн иргэд рүүгээ гал нээж, таван хүний амийг авч одсон харамсалтай үйл явдал болсон билээ. Энэ хэрэгт хариуцлага хүлээсэн эрхэм Ч.Амарболдод хариуцлага тооцон яллаад байсан удаатай. 

Гэмт хэрэгт шийтгүүлэн ял эдлэж байсан учраас Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 онд зарлиг гарган Ч.Амарболдод олгосон ХОШУУЧ ГЕНЕРАЛ цолыг хураасан бол албанаасаа буухаасаа өмнө түүний цолыг сэргээн олголоо. Тэрбээр ЦЭРГИЙН ДЭЭД ЦОЛ олгох үеэрээ “Энд нэг зүйлийг онцолж хэлэхэд өнөөдөр генерал цол хүртэгсдийн дунд цолоо сэргээн авч байгаа хүн бий. Чимэддоржийн Амарболдод 1996 оны наймдугаар сард олгосон генерал цолыг сэргээж байна.Монголын төр тусгай албан хаагчдаа үүрэг өгч, даалгавар өгчихөөд дараа нь үүрэг биелүүлснийх нь төлөө буруутгаж, цолыг нь хураадаг явдлыг ахин гаргахгүй байх нь зүйтэй юм. Дээд албан тушаалтнуудынхаа өгсөн тушаалыг гүйцэтгэснийнхээ төлөө хариуцлага, шийтгэл хүлээсэн дээр нь генерал цолыг хурааж давхар шийтгэсэн нь зохимжгүй шийдвэр байсан гэж үзэж байна. Зүй нь тушаал өгсөн дээд албан тушаалтан зохих хариуцлагаа хүлээх ёстой. Төрийн тусгай даалгавар, онцгой үүргийг үг дуугүй биелүүлэх тангарагтай тусгай албан хаагчдыг хамгаалах, ажиллах нөхцөл боломжоор хангах, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх зэрэг нь төрийн хэнтэй ч хуваалцашгүй үүрэг юм. Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол цэргийн алдар бадартугай” хэмээлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.12.153.212)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.