Медалийг бий болгоход шаардах зардлыг ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний зардлаас санхүүжүүлнэ
Үйл явдал
/
2021-06-17

Төрийн байгуулалтын байнгын хорооноос Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медалийг бий болгох тухай тогтоолын төслийг өнөөдөр хэлэлцэн батлав. МАН сонгуулийн өмнө намынхаа 100 жилийн ойн медалийг АН-ын ахмад гишүүдэд хүртэл тараасан. Энэ удаад Ардын хувьсгалын 100 жилийн медалийн талаар хөндөв.  

“Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль бий болгох тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлах шаардлагыг ингэж тодорхойлжээ.

-Монгол Улс ХХ зууны эхэн үед Үндэсний эрх чөлөө, автономит төрийн тусгаар тогтнолоо алдаж, харийн дарлалд нэрвэгдсэн хэдий ч үндэсний ардчилсан үзэл дэлгэрч, тусгаар тогтнолоо сэргээн бэхжүүлэх шинэ сорилт, сонголтын түүхэн үе тохиосон. Тухайн үеийн сэхээтэн, бичиг, цэргийн түшмэдээс бүрдсэн Хүрээний ба Консулын бүлгүүд нэгдэн МАН-ыг байгуулж, эх оронч сэтгэлгээтэй нийгмийн бусад хүчнийг нэгэн зорилгод чиглүүлснээр Ардын хувьсгалыг хийж чадсан юм.

 

100 жилийн ойн хүрээнд монголын ард түмний хүсэл зориг, эв нэгдэл, хичээл зүтгэл, үйл хэргийг гадаад, дотоодод сурталчлан таниулах, эл үйл хэргийн төлөө ажил, амьдралаа зориулсан хүмүүсийг шагнаж, урамшуулах, алдаршуулах шаардлагатай.

Үүний үр дүнд монголчууд тусгаар тогтнолоо дахин сэргээж, олон улсад хүлээн зөвшөөрүүлэх, үндэсний нэгдмэл байдлаа тунхагласан нь ХХ зууны Монгол түмний гардан хийсэн түүхэн, онцлох үйл хэрэг болсон юм. Ардын хувьсгал ялснаас хойших 100 жилийн хугацаанд манай улс 1924 онд Анхдугаар үндсэн хуулиа баталж, гадаад орнуудад тусгаар улс гэдгээ бүрэн хүлээн зөвшөөрүүлж, 1945 онд улс орныхоо бүрэн эрх, тусгаар тогтнолыг бүх ард түмний санал асуулгаар баталгаажуулж, 1961 онд Нэгдсэн Үндэстний байгууллагад гишүүнээр элссэн.

Үүний зэрэгцээ ард түмний эрүүл мэндийг хамгаалах, боловсрол, соёл, шинжлэх ухаан, төв суурин газрын хөгжил, газар тариалан, хөдөө аж ахуй, мал аж ахуй, үйлдвэржилтийн томоохон бүтээн байгуулалтыг бий болгосон. 1992 онд хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, хувийн өмчийг зөвшөөрсөн, Ардчилсан Үндсэн хуулиа баталсан.

1921 оны Ардын хувьсгалын зорилго нь тусгаар тогтнолоо олох явдал байсан төдийгүй уг хувьсгалын үр дүн өнөөдрийг хүртэл нийгмийн эрс өөрчлөлтийн суурийг тавьж, Монголын Улсын тусгаар тогтнолоо бататган бэхжүүлсэн, хүрсэн амжилтаа олон улсад хүлээн зөвшөөрүүлсэн юм. Ардын хувьсгалын ойн баярыг Үндэсний их баяр наадмаар жил бүр тэмдэглэж, түүхт үйл явдлын тэгш ойг тохиолдуулан ойн хүндэт медаль гарган, хөдөлмөр, амжилт, бүтээлээр тэргүүлсэн хүмүүст олгож ирсэн.

Иймд Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүрээнд монголын ард түмний хүсэл зориг, эв нэгдэл, хичээл зүтгэл, үйл хэргийг гадаад, дотоодод сурталчлан таниулах, эл үйл хэргийн төлөө ажил, амьдралаа зориулсан хүмүүсийг шагнаж, урамшуулах, алдаршуулах шаардлагатай.

Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт бий болгосноор Монголын Улсын тусгаар тогтнолоо бататган бэхжүүлсэн, хүрсэн амжилтаа олон улсад хүлээн зөвшөөрүүлсэн түүхэн үйл явдлыг баталгаажуулан, бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой. Мөн улс орноо хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсан, эрхэлж буй ажилдаа амжилт гаргасан төр, нийгмийн зүтгэлтэн, ахмад настан, эрдэмтэн, судлаачид, урлаг соёлын зүтгэлтэн, төрийн албан хаагчид, иргэдэд хүндлэл үзүүлэх боломж бүрдэх юм.

“Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль”-ийг Ерөнхийлөгчийн зарлигаар олгоно. Медалийг бий болгоход шаардах зардлыг ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний зардлаас санхүүжүүлнэ. Нийт 150 мянган ширхэг медаль хийх бөгөөд 975 сая төгрөг төсөвлөжээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.29.22)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.