С.Энхболд: АРБИДОЛ эмийг ЭМД-ийн хөнгөлөлтөөр олгоно. Нэг хүн 7,7 сая төгрөгийн эм, эмчилгээ авна
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-06-22

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудал:

  • Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.06.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг нарын 4 гишүүн 2021.05.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

Хуулийн төслийн танилцуулгыг Эрүүл мэндийн сайд С.Энхболд хийлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж байна.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

Хилийн захиргаа байгуулъя гэдэг заалт оруулж ирж байгаа гэж ойлголоо. Одоо Замын-Үүдэд гацаад буй ачааны асуудлыг эхлээд шийдээрэй. Засгийн газрын нөөц хөрөнгө 40 тэрбум байсан. Тэр нь дуусчихсан түүнийг нэмэгдүүлэх эрхийг Засгийн газарт өгөөч гэдэг нь буруу. Мөн Эрүүл мэндийн даатгалын мөнгийг ковидын эсрэг зарцуулна гэдэг буруу. ПСР шаардлагагүй үед хэрэгтэй, хэрэггүй хүний хамар ухаад 40-50 тэрбум төгрөгийг гарын салаагаар гоожуулсан. Надад үнэндээ итгэл төрөхгүй байна. 

Эрүүл мэндийн сайд С.Энхболд:

Бид ковидын үеийн эмчилгээний эмүүдийг Эрүүл мэндийн даатгалын санд багтаах хөнгөлөлтийг эдлэх боломжийг олгосон тушаалууд гараад явж байгаа. Ковидын үед шинэчлэгдсэн тарифын журмууд гарсан. Өмнө нь нэг хүний тариф 4 сая байсан бол шинэчлэгдсэн тарифаар 7.7 сая болсон. Үүнд бүх эмчилгээ эм нь багтсан байгаа. Гэрээр эмчлэгдэж байгаа хүмүүсийн тариф 70-аас 160 мянган болон нэмэгдсэн. Үүнд арбидол зэрэг эм багтсан. Жирэмсэн эхчүүдийн вакцинжуулалт эхэлсэн. Хүүхдүүдийн тухайд 12-15 насны хүүхдүүдийн вакцинжуулалтыг ирэх долоо хоногт эхлүүлэхээр төлөвлөж байна. Одоогийн байдлаар 866 хөхүүл эмэгтэй вакцинд хамрагдсан. Мөн 10 мянган орчим 16-17 насны хүүхэд мөн вакцинд хамрагдсан. Эдгээр хүмүүс бүгд Файзер вакцин хийлгэж байгаа. Улсын хэмжээнд 27 мянган ор бий. Тэгвэл өнөөдрийн байдлаар ковидын өвчлөлд 12200 ор дэлгэж ажиллаж байна. Эрүүл мэндийн ажилчдын хүний нөөцийн хомсдол үүсэж байна. Ялангуяа эрчимт эмчилгээ нарийн мэргэжлийн эмч нарын хомсдол үүссэн. Одоогийн байдлаар резидент эмч нарыг дайчилж байгаа. Мөн төгсөх курсийн оюутнуудыг дайчилгаанд бэлдэж байна. Эрүүл мэндийн ажилчид бүх нөөц бололцоогоо дайчин ажиллаж буй. Иймээс эдгээр хүмүүсийн цалин хөлсийг нэмэгдүүлсэн гэлээ.  

Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.49.247)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.