“Эрдэс баялгийн цахим засаглал” бодлогыг хэрэгжүүлнэ
Үйл явдал
/
2021-06-23
Эрдэс баялгийн салбарын үр ашиг, өгөөж, бүтээмжийг нэмэгдүүлэх, төрийн байгууллагын үйлчилгээг нээлттэй, ил тод, хүнд сурталгүй, хариуцлагатай болгох зорилгоор УУХҮЯ-наас “Эрдэс баялаг-цахим шилжилт” цахим хэлэлцүүлгийг анх удаа зохион байгууллаа.
 
“Байгалийн баялгаас Оюуны баялагт” уриатай тус хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэндчилгээ ирүүлсэн юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ Монгол Улс дижитал шилжилтийн бодлогоо тодорхойлон эхний ээлжид төрийн үйлчилгээний E-Mongolia цахим үйлчилгээний нэгдсэн порталыг байгуулсан бөгөөд төрийн 50 орчим байгууллагын 500 гаруй үйлчилгээг олон нийтэд үзүүлж байна. Цаашид төрийн ажил, үйлчилгээг бүрэн цахимжуулах, ашиглалтыг нь сайжруулах, иргэдийн цахим боловсролыг дээшлүүлэн мэдээллийн технологид суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлж, мэдээллийн аюулгүй байдлыг хангах зорилгоор “Цахим үндэстэн” цогц ажлыг эхлүүлээд байна хэмээн онцлов.
 
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон салбарын цахим шилжилтийн талаар танилцуулга хийхийн өмнө олборлолтоос боловсруулалт руу шилжиж буй өнөөдрийн цаг үеийг цөөн үгээр тодорхойллоо. Бид боловсруулах үйлдвэрийг түлхүү хөгжүүлж чадвал шинэ орд уурхай нээж ашигласантай адил хэмжээний ашгийг зөвхөн боловсруулах үйлдвэрлэлээс олж авах боломжтой. Нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл хөгжиж, ажлын байр шинээр нэмэгдэн, улс орны эдийн засагт оруулах татвар хураамжийн хэмжээ нэмэгдэх гээд үр ашиг олноор гарч ирнэ. Тиймээс Монгол Улсын Засгийн газар 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө эрдэс баялгийн салбарт хайгуул, олборлолтоос гадна “боловсруулалт”, ”борлуулалт”, “хуваарилалт” гэсэн гурван чиглэлийг оруулж ирсэн байна. Ерөөс өнөөгийн Засгийн газрын бүрэн эрхийн 4 жилийн хугацаанд эрдэс баялгийн салбар шинэ шатанд дэвшин орно гэж томьёолжээ. Олборлолтоос боловсруулалт руу шилжиж байгаа энэ цаг үед боловсруулах үйлдвэрүүдийг түлхүү байгуулах шаардлагатай хэмээн Г.Ёндон сайд илэрхийлэв.
Эх сурвалж: mining journal
Сэтгэгдэл:
Таны IP: (18.223.196.146)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.