О.Баасанхүү: Ковидоор нас барсан иргэдийн ар гэрт нөхөн төлбөр олгох ёстой
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-06-28

АН-аас Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын үеэр гарсан "Хүний эрхийн зөрчил" болон "Ковид-19"-тэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

АН-ын Бодлогын зөвлөлөөс Монголын ард түмэн, Засгийн газарт хандаж мэдэгдэл хүргүүллээ. Мэдэгдэлд "2020 оны 11 дүгээр сарын 11-нээс хойш өнөөдрийг хүртэл цар тахлаар 109694 хүн өвчилж, өдөр бүр 10-аас доошгүй иргэн амиа алдсаар нийт нас баралт 537 боллоо. Монголчууд олноороо цар тахалд нэрвэгдэж, нас баралт нэмэгдсээр байгаа нь үндэсний аюулгүй байдалд аюул нүүрлээд байна. Үндсэн хуульд Монгол хүн эрүүл аюулгүй орчинд амьдрах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах эрхтэй гэж заасан. Энэ нь удирдагч нам, Засгийн газрын үүрэг билээ. Гэвч төр засаг цар тахалтай хийх тэмцэлд бүрэн ялагдал хүлээлээ. Учир нь удаа дараагийн хөл хорио нь оновчтой бус, ААН-үүдийг туйлдуулсан, гэнэтийн шийдвэрүүд нь иргэдийг төөрөгдөлд оруулж байна.

Мөн хэвлэл мэдээллээр иргэдийн тархийг угааж буй нь төр засагтаа итгэх иргэдийн итгэлийг алдагдуулж цар тахал тархах бодит шалтгаан боллоо. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ иргэдийг вакцинд идэвхтэй хамрагдахыг уриалсан ч хугацаандаа вакцинаа татан авч чадаагүй. Синофарм вакцины хоёр дахь тунг 21 хоногоос хэтрүүлбэл хориглосон үйлдвэрлэгчийн зааврыг 56 хоногийн дараа хийлгэж болно гэж өөрчилж, вакцины стандартыг алдагдууллаа. Энэ хугацааг холдуулснаас болж олон иргэн вакцин тариулсан ч халдвар туслаа. Засгийн газар энэ мэт хууль бус үйлдлээ таслан зогсоож, ковидоор нас барсан иргэдийн ар гэрт нөхөн төлбөр олгох ёстой. Эмнэлгийн ажилчид ажлаасаа гарах өргөдлөө олноороо өгч байгаа тул цалинг яаралтай 3-5 дахин нэмэхийг хүсэж, шаардлага хүргүүлж байна. Түргэвчилсэн шинжилгээг гэрт нь зааврыг нь хэлж өгөн үнэ төлбөргүй хийдэг болгооч гэж шаардаж байна. Бид энэ хэвээрээ байвал эмчгүй, эмнэлэгтээ оргүй, иргэд нь гэртээ нас барах эрсдэл хүлээж байна" гэв.

АН-ын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга О.Баасанхүү: Төрөөс "Аса станц", "Мэдээллийн урсгал" зэргээр нэг урсгалаар, урьдчилж бэлтгэсэн мэдээллийг иргэдэд өгч байгааг эсэргүүцэж байна. Эрх баригчдыг магтан дуулсан хэвлэл мэдээлэл олон болж байна. Дөрөв дэх засаглал гэгддэг хэвлэл мэдээллийн эрх баригч намтай найрсаг харилцаатай байх хугацаа дуусах болоогүй юу? Нийгмийн амьдралд илүү анхаараач гэж хүсмээр байна. Эрх баригчтай адилхан бид төсвийн мөнгөөр сонгууль хийгээгүй. Эрх чөлөөтэй, ардчилсан Монгол Улсыг авч үлдэхийг хүсвэл бид нэгдмэл байдлаа чухалчлах ёстой.  Өнөөдрийн байдлаар 500 гаруй иргэн цар тахлын улмаас нас барсанд АН монгол түмнээсээ уучлал хүсэж, гүн эмгэнэл илэрхийлж байна. Эрүүл мэндийн даатгалаар PCR шинжилгээг үнэгүй өгөх боломжийг олгох байтал эмнэлгийн бүх зардлыг иргэн хувиасаа төлдөг байж болохгүй" гэв.

Сэтгэгдэл:
Таны IP: (52.15.129.90)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.