Л.Энх-Амгалан: Монгол Улс оюуны чадавхаараа дэлхийд эхний 12, Хүний хөгжлийн индексээр 189 орноос 92-т орж байна
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-07-06

УИХ-ын чуулганы хуралдаанаар Боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, өнөөдөр Монгол Улс оюуны чадавхаараа дэлхийд эхний 12, Хүний хөгжлийн индексээр 189 орноос 92-т, Боловсролын индексээрээ 189 орноос 103-т, Өрсөлдөх чадварын индексээрээ 141 орноос 102-т, Оюуны чадавхаа хэрэглэх ур чадвараар 49-д, мэдлэг чадвараа хөгжүүлэх үзүүлэлтээр 59-д орж байна. 2018 онд хийгдсэн “Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа”-ны үр дүнгээс харахад 7-14 насны хүүхдийн сурч чадах үндсэн суурь чадвар болсон унших чадвар 61.5 хувь, энгийн аргын тоо бодох чадвар 51.5 хувь байгаа зэрэг нь боловсролын чанар, үр дүнд чиглэсэн эрх зүйн шинэчлэл хийх практик хэрэгцээ илтгэж байна.

УИХ-ын 2020 оны 52 дугаар тогтоолоор “Алсын хараа- 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого” батлагдаж, хүний хөгжил төвтэй хөгжлийн бодлого хэрэгжиж эхэлсэн. Уг бодлогын үргэлжлэл болон УИХ-ын 2020 оны 23 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”, 2020 оны 24 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т “Хүн бүрд чанартай боловсрол эзэмших тэгш боломж бүрдүүлж, боловсролыг хувь хүний хөгжил, гэр бүлийн амьдралын баталгаа, улс орны хөгжлийн суурь болон насан туршийн суралцахуйн тогтолцоог бэхжүүлэх” зорилтыг тус тус дэвшүүлсэн.

Иймд Монгол Улсын хөгжлийн урт болон дунд хугацааны бодлогын баримт бичигт туссан зорилтыг биелүүлэх, боловсролын салбарыг орчин үеийн чиг хандлагад тулгуурлан хөгжүүлэх, боловсролын харилцаанд оролцогчдын эрх, үүрэг, хариуцлагыг шинээр тодорхойлох, сургалтын чанар, агуулгыг хүний хөгжил, улс орны хөгжлийн ирээдүй, өрсөлдөх чадвар, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээ, цаашдын төлөв байдалд нийцүүлэх хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох зайлшгүй шаадлага үүсэн гэж үзэж байна гэв. Үргэлжлүүлэн боловсролын агуулга, сургалтын хөтөлбөр, стандарт, Боловсролын байгууллага, бүтэц, Боловсролын удидлагын тогтолцоо, тэдгээрийн эрх хэмжээ, гүйцэтгэх чиг үүрэг болон Боловсролын эдийн засаг, санхүүжилтийн хүрээний талаар танилцуулав. Боловсролын ерөнхий хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Хуулийн төслийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалын танилцуулгыг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хийв.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.201.217)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.