Б.Жавхлан: Хүүхдийн мөнгө болон бусад тэтгэмжүүдэд нийт 618 тэрбум төгрөг нэмж зарцуулна
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-07-06

Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2021.06.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Төсөвт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өчигдөр өргөн барьсан. Хуультай танилцах боломж олгохгүй юм уу. Зарлага яаж нэмэгдэж байгаа вэ. Орлогыг хаанаас олж байгаа вэ тэрийг тодорхой мэдээлмээр байна. Хойд хормойгоороо урд хормойгоо нөхөж байгаа зүйл шүү дээ. Зээлээр амьдармааргүй байна.

Сангийн сайд Б.Жавхлан: Эрүүл мэндийн салбарт нийт 735 тэрбум төгрөг зарцуулна. Үүнээс төсвийн урсгал зардлаас 321 тэрбум төгрөг, бусад 400 гаруй тэрбум төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулна. Хүүхдийн мөнгө болон бусад тэтгэмжид 618.9 тэрбум төгрөг зарцуулна. Ингээд нийтдээ 940 тэрбум төгрөгийн цэвэр нэмэлт зардал гарч байгаа. Үүний эсрэг төсвөөс урсгал зардал болон хөрөнгө оруулалтаас 282.9 тэрбум төгрөгийн таналт хийсэн. 

УИХ-ын гишүүн С.Чинзориг: Улаан бүсэд ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилчдын цалин хөлсийг нэмэх асуудал яригдаж байна. Улаан ногоон хэмээн ялгах хэрэг байна уу. Одоогийн нөхцөлд хот хөдөөгүй улаан бүс боллоо шүү дээ. 440 тэрбум төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргана гэнэ. Ийм хэмжээний хөрөнгө мөнгө байгаа юу. Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгийг захиран зарцуулах эрх нь төрд байгаа шүү дээ. Эрүүл мэндийн даатгалын сангийн хуульд өөрчлөлт оруулаагүй байж ийм заалт оруулж ирэх нь зөв үү.

Сангийн сайд Б.Жавхлан: Эрүүл мэндийн даатгалын санд энэ жил 1.2 их наяд төгрөг хуримтлагдах ёстой. Үүнээс 580 тэрбум төгрөгийг улсын төсвөөс татаас хэлбэрээр өгдөг. Одоогоор зарцуулалт нь 40 гаруй хувьтай байгаа. Үлдсэн 470 гаруй тэрбум төгрөгийг зарцуулах бүрэн боломж бий.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Өнөөдрийн байдлаар улаан бүсэд ажиллаж буй 13016 хүн бий. Бусад хүмүүс үндсэн тусламж үйлчилгээнд ажиллаж байгаа. 

УИХ-ын гишүүн Т.Доржханд: Төсвийн тодотгол ярьж байгаа нь зөв. Гэхдээ дахин дахин тодотгол хийх нь төсвийн сахилга батад муу. Нийт урсгал зардал буюу 2 төгрөгийн 1 нь халамж боллоо. Цаашид яах вэ. Төсвийн шинэчлэл гэж үе үеийн сайд нар ярьдаг. Төсөв уул уурхайгаас орж ирсэн хөрөнгийг тараадаг зүйл боллоо. Хавтгайруулсан халамжаа хөдөлмөр рүү шилжүүлнэ гэж сонгуулийн өмнө баахан шоу хийсэн. Эдийн засгийн үзүүлэлтийг яаж хараад байна вэ. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өсөхөөр төлбөрийн баланс сайн гээд хараад байх шиг байна. Гэхдээ нөгөө талдаа ажил эрхлэлт байхгүй болж, аж ахуйн нэгжүүд үүдээ барьж байна. Халамжийн бодлогоос болж ажил хөдөлмөр эрхэлдэг хүн байхгүй боллоо. Төсвийн сахилга батыг бий болгох хэрэгтэй. Эрүүл мэндийн салбарт 2 их наяд төгрөгийг оруулж өгч байна. Энэ хөрөнгийг ашиглаж эрүүл мэндийн салбараа босгож чадах уу

Сангийн сайд Б.Жавхлан 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг танилцууллаа. 
Төсвийн тодотголоор Хүүхдийн тэтгэмжийг 2021 он дуустал 100 мянган төгрөгөөр үргэлжлүүлэн олгох; нийт 71.5 мянган халамж хүртэгчдэд 2021 оныг дуустал хугацаанд тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлсэн хэмжээгээр нь тооцож үргэлжлүүлэн олгох; КОВИД-19 цар тахлын үеийн эрүүл мэндийн цогц тусламж, үйлчилгээг эрүүл мэндийн салбарын шинэчлэлтэй уялдуулж сайжруулах; цар тахлын эсрэг эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангахад шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төсөлд тусгажээ. Мөн айл, өрх, аж ахуйн нэгж, байгууллагад үзүүлсэн цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийн чөлөөлөлтийг 2021 он дуустал үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзжээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.195.111)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.