Гурван сая дахь иргэн Х.Монголжинг эх барьж авсан эмч Б.Буянаа ГАВЬЯАТ ЭМЧ боллоо
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-07-10
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ШАГНАЛ ГАРДУУЛСНЫХАА ДАРАА:

Төрийн дээд шагнал хүртсэн эрхэм нөхөд өө!

Төрт ёс, дэг журмыг дагаж, Үндэсний их баяр наадам, Төрийн далбааны өдрөөр төрийн хүндэтгэл, шагналыг салбар салбартаа амжилт бүтээл гаргасан алдартан гавьяатнуудад олгож байна.

Үеийн үед монгол түмний аман хишгийг тэтгэж ирсэн буянт малынхаа шимийг арвижуулж, малч ухаан, өв соёлыг өвлөхийн сацуу баяжуулан уламжлуулж, мал аж ахуйн үр өгөөжийг дэлгэрүүлж, хөдөлмөр алдрыг мандуулж яваа Ховд аймгийн Дарви сумын Булаг багийн малчин Рэнцэндоржийн Цэрэндоржид нийт малчин түмнийхээ төлөөлөл болгон Хөдөлмөрийн баатар цол хүртээж, “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.

Эрдэм ухаан, мэдлэг боловсролыг хөхиүлэн дэмжсэн цагт улс орон хөгжин дэвждэг жамтай.

Ард түмнээ соён гэгээрүүлэх их үйлсэд манлайлан зүтгэж, ёс заншил, өв уламжлал, философи гүн ухаан, улс төрийн шинжлэх ухааны салбарт олон арван бүтээл туурвиж, үе үеийн төр нийгмийн зүтгэлтэн, эрдэмтэн судлаачдыг сурган бэлтгэж, улс орны хөгжил дэвшилд оруулсан гавьяа зүтгэлийг тань өндрөөр үнэлж, Шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн, Философийн шинжлэх ухааны доктор, профессор Бүдрагчаагийн Даш-Ёндонд Ардын багш цол олголоо.

Ард түмний сэтгэл зүрхэнд хоногшин, хайр хүндэтгэлийг нь хүлээсэн олон арван уран бүтээлийн зохиогч, түгээн дэлгэрүүлэгч, соён гэгээрүүлэгч, орчин үеийн дуу хөгжмийн урлагийн гол төлөөлөл “Чингис хаан” хамтлагийн ахлагч, Гавьяат жүжигчин Дашзэвэгийн Жаргалсайханд рок попын урлагийг хөгжүүлэхэд оруулсан жинтэй хувь нэмэр, хөдөлмөр зүтгэлийг нь үнэлэн Ардын жүжигчин цол олгож байна.

Монгол хүн хөх тэнгэрийн мандал, сансар огторгуйд ниссэний түүхт 40 жилийн ойг тохиолдуулан “БНМАУ-ын иргэн сансрын нислэгт оролцохтой холбогдсон ажлын бэлтгэл, явцыг зохион байгуулах, сурталчлах асуудал эрхэлсэн” комиссыг амжилттай удирдан зохион байгуулсан Гэлэгийн Адъяаг Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагнаж байна.

Энэхүү түүхэн үйл явдал нь монгол хүн, Монгол Улс сансрын уудмыг эзэмших, сансар судлалыг хөгжүүлэхэд оролцсон гайхамшигт үйл явдал байсан юм.

Бүх цаг үед хамгийн их хүндэтгэл, талархлыг хүлээж, улс орныхоо ирээдүй, ард нийтийн эрүүл мэндийн манаа, сурган хүмүүжүүлэх их үйлсэд цаг наргүй сэтгэл, зүтгэл гарган хөдөлмөрлөж байдаг, ялангуяа цар тахлын хүнд нөхцөл байдалд онцгой үүрэг хүлээн ажиллаж байгаа эмч, багш нарын төлөөлөл болсон Эх хүүхдийн эрүүл мэндийн Үндэсний төвд тасралтгүй 32 жил эх баригч эмчээр ажиллаж байгаа Баарагийн Буянаад Эрүүлийг хамгаалахын Гавьяат ажилтан, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн ахмад багш, 90 насны сүүдэр шүргэж буй азай буурал Халийн Хатирад Монгол Улсын Гавьяат багш цол олголоо.

Монголчууд бидний хувьд ард түмнийхээ хүнсний хэрэгцээг дотооддоо хангахын зэрэгцээ Монгол Улс органик хүнс экспортлогч улс орон болох томоохон зорилтыг дэвшүүлж байгаа билээ.

Энэхүү зорилтын хүрээнд улс орны үндэсний аюулгүй байдлын салшгүй бүрэлдэхүүн хэсэг болох хүнсний аюулгүй байдал, хүн ардыг эрүүл аюулгүй хүнсээр  хангах нөр их үйлсэд ажил хөдөлмөрөөрөө манлайлан оролцож яваа газар тариалангийн салбарын төлөөлөл Хандмаагийн ДаваахүүНямдайн Бадралхүү нарт Хөдөө аж ахуйн Гавьяат ажилтан цол олголоо.

Өнөөдөр Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны түүхт 110 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан шинжлэх ухаан, урлаг соёл, боловсрол, газар тариалан, мал аж ахуй, төрийн алба, сансар судлал, эрүүл мэнд, төрийн цэргийн байгууллага, эрчим хүч, уул уурхай, барилга, зам тээврийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа хөдөлмөр бүтээлийн сайчууддаа төрийн дээд цол, одон медалийг хүртээж байна.

Монгол төр өндөр эрхэмсэг орших ёстой. Үүний тулд төрийн босго өндөр, үнэлэмж дээгүүр байх учиртай.

Эрхэт төрийн тэгш түүхэн ойнууд тохиосон энэхүү баярт мөчид төрийн дээд шагнал, одон медаль хүртэж, түмэн олны хүндэтгэл, талархлыг хүлээн авч байгаа Та бүхэндээ халуун баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөрт тань улам их өндөр амжилт хүсэн ерөөе.

Мөн Та бүхний гэр бүл үр хүүхдүүд тань баяр хүргэж, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай.

Та бүхэнд баяр хүргэе!” гэлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.103.96)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.