ОХУ-д суралцдаг монгол оюутнууд УОК, ГХЯ-нд хүсэлт хүргүүлжээ
Үйл явдал
/
2021-07-24

ОХУ-д манай улсын 4000 гаруй оюутан суралцдаг гэсэн тооцоо судалгаа бий. Өнгөрсөн жил тус улсад дэгдсэн цар тахлын улмаас тэдний  3000 гаруй нь буюу 90 орчим хувь нь эх орондоо ирж зайнаас сурсан.

Манай улсад өдгөө коронавируст халдварын тархалт өндөр байгаа учир ОХУ-аас хилээ хааж, монголчуудыг хүлээн авахаас татгалзаад байгаа юм. Энэхүү нөхцөл байдал тус улсад сурдаг оюутнуудад багагүй хүндрэл учруулаад байгаа аж. Тэдний ихэнх нь өнгөрсөн жил хичээлээ онлайнаар үзэж зарим нь танхимаар өгөх ёстой шалгалтаа ч өгч чадахгүйд хүрч, нэг жилийн чөлөө авах гэх мэт бэрхшээлүүдтэй тулгарчээ.

Зарим мэргэжлээс хамааран дадлагаа заавал ОХУ-д биечлэн хийх шаардлагатай, хийгээгүй тохиолдолд дадлагыг тооцохгүй гэжээ

2020 оны хичээлийн жилээс танхимаар хичээллэж эхэлсэн  Оросын их дээд сургуулиуд нь зайнаас суралцаж байгаа монгол оюутнуудад өөрсдийн хүсэл, хүчин чармайлтаар шийдэх боломжгүй шаардлагууд тавьж байгаа бөгөөд оюутнууд заавал сургууль дээрээ очиж суралцах зайлшгүй шаардлага үүсэж, энэхүү асуудлаа шийдвэрлүүлэхээр оюутнууд сайн дураараа нэгдэн, зохион байгуулалтад орж Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл НҮТББ олон ОХУ, ЗХУ-д төгсөгчдийн МАВСУЗ холбоонд ханджээ. Тэдэнд тулгараад буй дараах хүндрэл, бэрхшээлийг шийдвэрлэж өгөхийг УОК болон Гадаад харилцааны яаманд хүсэлт тавьжээ.

1. 2021-2022 оны хичээлийн жилд биечлэн танхимаар сурахгүй тохиолдолд сургуулиас хасах, эсхүл зарим сургуулиуд нь суралцаж буй чиглэлээр нь Монголд шилжүүлэх тухай санал тавьж байгаа. Гэвч нэгэнт ОХУ-д суралцахаар зорьсон оюутнуудын хувьд тус улсдаа үргэлжлүүлэн суралцах хүсэлтэй байгаа аж.
2. 2020-2021 оны хичээлийн жилийн шалгалтаа заавал биечлэн очиж өгөхийг шаардаж байгаа. Очиж өгөөгүй тохиолдолд анги дэвшүүлэхгүй байх эсвэл сургуулиас хасагдах эрсдэл маш өндөр байна
3. Зарим мэргэжлээс хамааран дадлагаа заавал ОХУ-д биечлэн хийх шаардлагатай, хийгээгүй тохиолдолд дадлагыг тооцохгүй гэжээ
4. Зарим сургуулиуд нь жилийн чөлөө олгох санал тавьжээ.

Тиймээс дээрх асуудлыг хоёр улсын дээд түвшинд  авч хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг оюутнууд хүсэж байгаа аж.

Эх сурвалж: gogo.mn

Сэтгэгдэл:
Таны IP: (18.224.68.28)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.