Уул уурхайн компаниуд ТЕХНИКЭЭР туслаж байна
Үйл явдал
/
2021-07-27
 
Дэлхий нийтийг хамарсан цар тахалтай хүн төрөлхтөн тэмцэж, хүчин мөхөсдөж байгаа энэ цаг үед Өмнөговь аймаг Монгол улсын эдийн засгийг бүрдүүлэх хүндхэн ачааг үүрч, өөрийн аймгийн 70 мянган иргэдээс гадна уул уурхайн ажилчид, тээврийн жолооч зэрэг 100 орчим мянган хөдөлгөөнт хүн амд төрийн болон эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлж, аймаг, сумдын удирдлагууд, төрийн албан хаагчид тэр дундаа эмч эмнэлгийн ажилтнууд маань бусад аймгийнхнаас хэд дахин илүү ачаалалтай ажиллаж байна.
 
Өнгөрсөн зун бороо хур багатай байснаас нийт нутгийн 80 гаруй хувь гандаж, малчид отор нүүдэл хийж зутруухан өвөлжиж хаваржсан нь говьчуудад маань бас нэгэн томоохон шалгуур болсон юм. Отрын малчдаа эргэж төрийн болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэхээр аймгийн Засаг даргаас эхлээд бүх сумдын удирдлагууд, эмч эмнэлгийн ажилтнууд олон мянган километр замыг туулж элэг нэгтнүүддээ тусламж үзүүлсээр байгаа.
 
Сүүлийн өдрүүдэд аймгийн нийт нутгаар их хэмжээний бороо орсны улмаас айл өрхүүд усанд автаж, автозамуудын хөвөө давж үер орсноор нурах цөмрөх, барилга орон сууцны зоорийн давхрууд усаар дүүрч, цэвэр, бохир ус, цахилгааны шугам сүлжээнд доголдол үүсэх зэрэг гамшиг нүүрлээд байна.
 
Аймгийн Онцгой комисс, төрийн байгууллагын ажилтнууд тэр дундаа Онцгой байдал, Цагдаа, Зэвсэгт хүчин, Хилийн цэргийн алба хаагчид, багийн дарга нар, ӨБЦТС, Дулааны станц, Дулаан хангамж, Гүний ус, Улаан загалмайн хороо, зам барилгын компаниуд хамтран эрвийх дэрвийхээрээ ажиллаж, байгалийн гамшгийг эрсдэл багатай давахын тулд шаардлагатай бүхий л арга хэмжээг авч байгаа билээ.
 
Халуун сэтгэлт нутгийн иргэд маань усанд автсан айлуудыг нүүлгэн шилжүүлэх, суусан автомашинуудыг татах зэрэг аврах ажиллагаанд сайн дураараа техник хэрэгслээрээ дэмжлэг үзүүлэн, төрийн албан хаагчидтай хамтран ажиллаж байна.
 
 
 
Цар тахал, ган зуд, үер усны аюул гээд хүндхэн сорилтуудыг говьчууд бид хамтдаа даван туулж явна.
 
Говийн хүний уужуу ухаан, хүн чанар, хөдөлмөрч зан, сүүн цагаан сэтгэл, эв нэгдлийнхээ хүчээр энэ бүх бэрхшээлийн ард алзахгүй гарч, сайн сайхан цагтай учран золгохын ерөөлийг өргөе.
 
Говийн ард түмнийхээ амар амгалан амьдралын төлөө цаг наргүй зүтгэж яваа энх цагийн баатрууддаа баярлалаа
 
Барилга байгууламжийн зоорийн давхрууд дүүрсэнтэй холбогдуулан ус соруулах зайлуулах ажил хийгдэж байна.
 
 
Орон нутгийн өмчит Тавантолгой ХК, Эрдэнэс Тавантолгой ХК, Энержи Ресурс ХХК-иуд тус бүр Godwin cd160 хэмээх 1 цагт 473м3 ус соруулах хүчин чадалтай техникийг нийгмийн хариуцлагын хүрээнд хүч нэмэгдүүлэн ирүүлээд байна.
 
Аймгийн Онцгой Комисс
Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.158.36)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.