Монголын тамирчин Сайед Моллай ЭХНИЙ ЯЛАЛТАА АВЛАА
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-07-28

Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -81 кг, эмэгтэйчүүдийн -63 кг жингийн барилдаанууд өнөөдөр 10:00 цагаас эхэлж Монголын шигшээ багийн хоёр тамирчин зодоглоно. Өнөөдрийн онцлох тамирчнаар эрэгтэйчүүдийн -81 кг жинд барилдах Сайед Моллайг нэрлэж байгаа бөгөөд олимпын наадамд өрсөлдөж медаль авахын тулд иргэншлээ сольсон түүний эр зоригийг дэлхий даяар магтдаг. Тодруулбал, Риогийн олимпоос эрт хасагдсан ч 2018 онд дэлхийн аварга болсон Ираны бөхийн од Сайед ид эрэн дээрээ 2019 оны дэлхийн аваргад хошой алттай болохоор оров.

Гэвч тэмцээний хагас шигшээд Израилын бөх Саги Мүкитэй таарсан нь түүний замналыг орвонгоор нь өөрчилсөн юм. Иран болон Израил улсуудын шашин, бодлогын зөрчил спортод нөлөөлж Ираны Засгийн газраас түүнийг Израилын бөхтэй барилдалгүй бууж өгөхийг шаарджээ.  Олимп дэлхийд нэрээ дуурсгах агуу мөрөөдөлтэй түүний хүслийг дарсан энэхүү хавчлага ирэх Токиогийн олимпод ч нөлөөлнө гэдгийг мэдсэн Сайед эх орноосоо дүрвэж Германаар дамжин Монголд ирсэн түүхтэй. Тэгвэл Монгол Улсын нэрийн өмнөөс Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -81 кг жингийн эхний шатанд Сайед Моллай Казахстаны Дидар Хамзаг ялж шөвгийн 16-д шалгарлаа. 2018 оны дэлхийн аварга Сайед Моллайн хувьд шөвгийн 16-д Азербайжаны Мурад Фатиевтай барилдана.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.119.106)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.