Зориулалтын бус АЧАА тээвэрлэсэн тээврийн хэрэгслийн "Д" зөвшөөрлийг ЗУРГААН сараар цуцлана
Үйл явдал
/
2021-08-07

Замын-Үүд боомтын гарах чиглэлд долдугаар сарын 16-ны өдрөөс өмнө хоногт 100 тээврийн хэрэгсэл зорчдог байсныг БНХАУ-ын Засгийн газраас 110 болгон нэмэгдүүлсэн. Ингэснээр гарах чиглэлд өдөрт ачаагүй үндсэн оочерын 90, нүүрстэй экспортын 10, төрөл бүрийн бараа бүтээгдэхүүн экспортын ачаатай 5, Улсын Онцгой комиссын шуурхай штабын зөвшөөрлөөр эм эмнэлгийн хэрэгсэл, улсын стратегийн ач холбогдол бүхий бараа ачсан 10 тээврийн хэрэгслийг нэвтрүүлж байгааг Хил хамгаалах байгууллагын шалган нэвтрүүлэх албанаас мэдээллээ.

Зарим иргэн, аж ахуй нэгж зориулалтын бус бараа тээвэрлэх зөрчил илэрч байгаа аж. Тухайлбал "Эрдэнэт үйлдвэр"-ийн бүтээн байгуулалтад тендер авч бараа бүтээгдэхүүн нийлүүлэх зорилгоор УОК-ын Шуурхай штабын зөвшөөрлөөр хил нэвтэрсэн хоёр автомашины жолооч энэ төрлийн зөрчил гаргажээ.

Тухайн автомашины жолоочид Эрдэнэт үйлдвэрийн бүтээн байгуулалтын бараа бүтээгдэхүүнээс маш бага хэмжээгээр ачиж, үлдсэн тоннд барилгын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн багтааж хувийн ашиг сонирхлын зөрчил гаргасан үйлдлийг хилийн хяналтын байгууллага илрүүлсэн байна. Дээрх хоёр авто тээврийн хэрэгслийн Д зөвшөөрлийг зургаан сараар олгохгүй байх шийдвэрийг АТҮТ-өөс гаргажээ. 

Иймд Монгол Улсын стратегийн бүтээн байгуулалтын ачаа бараа, эм эмнэлгийн хэрэгсэл тээвэрлэж байгаа компани, аж ахуй нэгж зөвхөн зорилтот ачаагаа тээвэрлэхийг хилийн хяналтын байгууллагаас анхаарууллаа. 

Монгол, БНХАУ-ын Засгийн газар хооронд байгуулсан гэрээнд хилийн боомтын ажиллах цагийг 08.00-18.00 тогтоожээ. Гэсэн ч гарч байгаа тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлэх, Эрээн хотод төвлөрсөн 20 мянга орчим тонн ачаа барааг багасгах зорилгоор хилийн хяналтын байгууллагууд өглөөний 07.00 цагт гарах чиглэлийн шалган нэвтрүүлэх ажиллагааг эхлүүлж байгаа аж. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.10.32)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.