КОКСЖИХ нүүрсний үнэ 80 хувиар өсжээ
Үйл явдал
/
2021-08-08

Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй байгалийн гамшгаас болж,  ногоон санхүүжилтийн тухай ихээхэн яригдсаар байгаа ч сүүлийн жилүүдэд нүүрсний худалдаа сэргэж, улам мандсаар байна.

Ачаа тээврийн хөлөг онгоцууд Азиас эко хэмээгддэг Европ руу нүүрс тээвэрлэсээр  завгүй байгаа бөгөөд  тээврийн  усан онгоцны ачаа тээвэрлэх үнэ хөлс өссөөр байна. “Stifel”-ийн шинжээч Бен Нолан “Нүүрсний эрэлт энэ онд огцом өссөн бөгөөд тус түүхий эдийн үнэ шинжээчдийн таамгийг даваад байна” гэжээ.

Австралийн өндөр зэрэглэлийн эрчим хүчний нүүрсний үнэ баасан гарагийн байдлаар тонн нь 151 ам.доллар болж өссөн нь өнгөрсөн есдүгээр сараас  хойш гурав дахин өссөн үзүүлэлт ажээ. 

Харин  Австралийн коксжих нүүрсний үнэ (гангийн үйлдвэрлэлд ашигладаг  нүүрс)  тонн нь 127 ам.доллар болоод байгаа нь  өнгөрсөн оны мөн үеэс бараг 80 хувиар өссөн үзүүлэлттэй байна.  Энэ онд дэлхий олон оронд хэт халснаар цахилгаан эрчим хүчний хэрэглээ өсөж,  нүүрсний эрэлт өсөхөд нөлөөлжээ. Нолан  "Энэ жил Азид халуун зун болж, нүүрснээс татгалзаж байсан хэд хэдэн улс дахин нүүрсний томоохон хэрэглэгч болсон” гэв. Тухайлбал,  өнгөрсөн тавдугаар сард Хятадын өмнөд хэсэгт ган гачиг болсноор  усан цахилгаан станц ашиглах боломжгүй болсон байна. “Maritime Strategies International” сарын тоймдоо "Хятадын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо нүүрсний 100 сая гаруй тонн нөөц бүрдүүлэхээр төлөвлөж байгаагаа зарласан боловч дотоодын нүүрсний нөөц өнгөрсөн хоёрдугаар сараас хойш хамгийн бага түвшинд хүрсэн" тухай тодотгожээ.  Түүнчлэн “Braemar ACM Shipbroking” -ийн мэдээлснээр өвлийн улиралд бэлтгэхийн тулд Өмнөд Солонгос нүүрсний худалдан авалтаа нэмэгдүүлсэн байна. Өмнөд Солонгосын долоодугаар сарын нүүрсний импорт сүүлийн таван жилийн дээд хэмжээнд хүрэх төлөвтэй байгаа аж. Өнгөрсөн сард болсон түүхий эдийн  виртуал хурлын үеэр Норвегид бүртгэлтэй  “Bulkers” компанийн гүйцэтгэх захирал Магнус Халворсен  “БНХАУ  жилд дөрвөн тэрбум тонн нүүрс хэрэглэж, 300 сая тонныг импортлодог. БНХАУ ногоон санхүүжилтээ нэмэгдүүлж, сэргээгдэх эрчим хүчээ дэмжсэн ч тус улсын нүүрсний импортод төдийлөн нөлөөлөхгүй” гэжээ.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл:
Таны IP: (3.139.83.151)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.