ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнг чөлөөллөө
Үйл явдал
/
2021-08-11

Монгол Улсын Засгийн Газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна.

Хуралдаанаар дөнгөж сая ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ.

Улмаар түүний албан үүргээ гүйцэтгэх хугацаанд холбогдсон асуудлуудыг шалгуулахаар АТГ-т шилжүүлэхээр шийдвэрлэсэн тухай эх сурвалж өгүүллээ.

Эргэн сануулахад:

ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн нь 2017 оны тавдугаар сарын 10-нд А/295 тоот тушаал гаргаж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертификат бүхий сургалтуудыг англи, монгол хэлээр зохион байгуулах тендерийн үнэлгээний хороо байгуулжээ. Тус хороо хууль, журмаа зөрчин “Гүрэн” дээд сургуулийг тендерийн ялагчаар тодруулж, 640 сая төгрөг шилжүүлсэн. Үнэлгээний хорооны дарга нь тус сургуулийн захирал Д.Дэмбэрэлдоржтой хуйвалдан “Цахим” дээд сургуулийг тендерт оролцсон хэмээн хуурамч бичиг баримт үйлдсэн нь шалгалтын явцад тогтоогдсон зэрэг түүнтэй холбоотой асуудлууд хэвлэлээр цацагдах болсон. Л.Бямбасүрэнд холбогдох хэргийг шүүхээр шийдвэрлэхээр болсон байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дөрөвдүгээр сарын 2-нд нийтийн тээврийн үйл ажиллагаатай танилцах үеэр хэлэхдээ “Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцдэг төрийн албан хаагч байж болохгүй. ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнд анхааруул. Том толгойлсон нөхдөд хариуцлага тооцох хэрэгтэй. Сайд Л.Халтар шаардлагатай бол ажлаас нь чөлөөлөөд яв. Ер нь их олон юм сонсогдоод байгаа шүү” гэж хэлж байв.

Мөн "МИАТ ТӨХК-ийн Олон улсын зорчигч үйлчилгээний хэлтсийн дарга С.Батсүх ажлын байран дээр өөрийн харьяалалын ажилчнаа бейсболын цохиураар занчиж байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан. С.Батсүх нь ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнгийн МИАТ-д байхдаа хийж байсан ажлаа залгамжлуулж оруулсан үеэл дүү бөгөөд ажилчдаа хэрцгийгээр зодож тамласан үйлдэл нь ганц энэ удаагийнх биш. Хамгийн сүүлд гэхэд бүх нийтийн хөл хорио тогтоосон үе буюу 2020-11-25-ны өдөр С.Батсүх тэргүүтэй удирдлагууд нь Буянт-Ухаа Олон улсын нисэх буудал дахь ажлын өрөөндөө архидан согтуурч , нисэхийн цагдаагийн алба хаагчдад агсам согтуу тавьж байжээ. Ил гарсан нь ажилчнаа зодож буй бичлэг боловч МИАТ, ИНЕГ-ын удирдлагуудтай холбоотой АВЛИГАЛ, АЛБАН ТУШААЛ, ЭРҮҮГИЙН ГЭМТ ХЭРЭГ-үүд нуугдаж байна" tac.mn 

гэх мэдээллүүд сайтуудаар гарч байлаа....

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.168.203)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.