Ч.Хурц: Сая тонн нефть олборлочихоод импортын шатахуун авдаг тэнэг улс Mонголоос өөр байхгүй
Үйл явдал
/
2021-08-12

Геологи, эрдэс зүйн ухааны доктор Ч.Хурцтай Монголын үйлдвэржилтийн талаар  ярилцлаа.

 

-Монгол Улсын  тулах гурван цэгийн нэг нь үйлдвэржилт-

-Уул уурхайг “шүтсэн” эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг хэн бүхэн мэдэж байгаа. Тиймээс ч уул уурхайгаас арай өөр гарц, замыг эрэлхийлж эхэллээ. Хүн бүхэн үйлдвэржилт, баялаг бүтээх талаар ярьж байна. Энэ талаар ярилцлагаа эхэлье?

-Монгол Улс хөгжихөд тулах гурван цэг байгаа юм. Нэгдүгээрт Монгол хүний ухаан, оюун санааны өсөлтийг дэмжих. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын иргэд улстөрийн нүдээр биш инженерийн сэтгэхүйгээр аливааг харж, хөгжүүлдэг байвал их сайн. Юуг хаана, ямар технологиор хийх талаар үргэлж эрэлхийлж байх талаар ярьж байна л даа. Харин дараагийн тулах цэг нь үйлдвэржилт. Үйлдвэржилт хөгжих хамгийн чухал үндэслэл нь судалгаа, эрдэс баялаг байдаг юм. Геологийн эрэл хайгуул, судалгаа маш чухал. Өөрөөр хэлбэл, ямар үйлдвэрийг хаана барьж, байгуулах вэгэдэг эрдэс баялгийн нөөцийг геологийн судалгаагаар хийдэг. Ашигт малтмалын ордыг түшиглэж байж сая үйлдвэрийн зөв байршил үүсдэг юм. Монголын геологич, судлаач, эрдэмтэд дэлхийн хэмжээнд сэтгэж, ярьчихдаг болчихлоо шүү дээ.

-Монгол Улс үйлдвэржилтийн  салбараа хэрхэн хөгжүүлэх ёстой юм бол? 

-Би Монголыг аваад явчих хэдхэн эрдэс баялгийг нэрлэе. Тухайлбал, газрын тос, байгалийн хий, зэс, фосфор, хар төмөрлөг, агрохимийн түүхий эд, коксжих нүүрс, хүрэн нүүрсийг гүн боловсруулж чадсан тохиолдолд Монгол Улс хөгжихөд хачин амархан байна. Саяхан Ерөнхий сайд Япон улсад айлчилж, эдийн засгийн иж бүрэн түншлэлийн гэрээг байгуулсан. Гэхдээ тус  улсаас манай талын гуйх эхний зүйл  нь цайр, хар тугалга, зэсийг хайлуулах үйлдвэр байсан юм.

Иж бүрэн гүн боловсруулах үйлдвэр барихад 100-200 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай. Түүн дотор ажлын өрөөний дайтай гурван өрөөтэй байх юм бол аккумляторын цехтэй болох сайхан ирээдүй харагддаг. Тухайлбал Дорнод аймагт хүнд үйлдвэр хөгжих боломж байна. Дорнод аймаг Сүмбэр рашаантын хилийн гарцыгбоомт болгон хөгжүүлж, боомтынхоо далан дээгүүр төмөр болон хар зам, усан турбин тавьж Өлзийт, Адуунчулууны нүүрсний ордоо ашиглах ёстой. Үүнээс гадна зүүн хойшоо Эрээнцав хүртэл хүрэн нүүрсний 20 орчим орд бий. Адуунчулууны нүүрсний ордыг түшиглэж өндөр хүчин чадалтай цахилгаан станц барьж, металлургийнхаа үйлдвэрийг Дорнод аймгийн урд талд буюу Хэрлэнгийнхээ урд хөвөөнд барих хэрэгтэй.

Үүнээс гадна 26 тонн алттай, 150-160 мянган тонн полиметаллтай “Алтанцагаан овоо”-ны ордоо эргэлтэд оруулмаар байна. Энэ үйлдвэрлэлийн үеэр  хүхрийн хүчил гарна. Бага хэмжээний хүхрийн хүчлээ эргээд зэсийн баяжмалаа саармагжуулах түүхий эд болгож болно шүү дээ. Тиймээс цайр, хар тугалганы үйлдвэрт хүчлийн илүүдэл гэж байдаггүй юм. Улмаар хүхрийн хүчилтэй болсноор өнөөх аккулямторын цех чинь амилаад ирнэ шүү дээ.

-Дорнодод аж үйлдвэрийн цогцолбор  барих ёстой гэж үү? 

-Монгол Улсыг үйлдвэржүүлье гэж байгаа бол иймэрхүү цогцолбор байдлаар Дорнодод хөгжүүлэх боломж байна. Өшөө цаашаа арван жил хүлээвэл эдгээр ордын нөөц  нь дуусна. Тухайлбал, “Алтанцагаан овоо”-г “Центра гоулд” шиг компани дөрвөн жил ашиглаад гарахад нэг их том онгойсон нүх л  үлдэнэ шүү дээ. Мөн Дорнод аймгийнхаа төвд Хэрлэн голоо түшиглэж өнгөт металлургийн комбинатыг байгуулбал хоёр дахь Чойбалсан хот сүндэрлэнэ. Одоо 68 мянган хүн амтай Чойбалсан хотын ирээдүйд үйлдвэржилтийг дагаж 150-200 мянган хүнтэй болох хэтийн төлөв бий. Нөгөөтэйгүүр яг одооноос эхэлж хүнд болон хөнгөн үйлдвэрийн салбарт ажиллах шилдэг боловсон хүчин, инженерүүдийг төрийн бодлогоор бэлтгэх ёстой. Миний бодлоор шинээр байгуулагдсан Аж үйлдвэрийн яамны анхаарлаа хандуулах дараагийн бүс бол баруун Монгол.

-Баруун аймгуудын газар нутаг геологийн хувьд хэр сайн судлагдсан юм бэ?

-Жинхэнэ сайн чанарын  гангийн үйлдвэр баруун Монголд барих учиртай. Баруун Монголын хөгжлийн 30 жилийн хөтөлбөрийг боловсруулах хэрэгтэй. Баруун аймгийн газар нутагт хүрэн болон коксжих нүүрс, байгалийн хий нь байна. Тиймээс хамгийн түрүүнд энгийн ган үйлдвэрлэх ёстой. Энэ ордуудын хайгуулыг нь хийж, геологийн судалгааг эрчимтэй хий. Хятад, Орос, барууны орнууд ялгаагүй хэзээ ч Монгол Улсад хий гаргая, хийгээр ажилладаг цахилгаан станц баръя гэж ирэхгүй. Үүнийг монголчууд бид өөрсдөө л хийх ёстой. Тиймээс ч баруун Монголд цэвэр экспортын зориулалтын цэвэр, сайн чанарын гангийн үйлдвэрийг барих ёстой юм.

-Харин өмнийн говийн тухайд юу хэлэх вэ.  Тэндээс газрын тос ч илэрлээ, нүүрсний орд газрууд элбэгтэй. 

-Өмнөговь бол дэндүү баян нутаг шүү дээ. Ялангуяа нүүрсээр. Мега төсөл гэж их ярих юм даа. Монголд юм үлдэхгүй бол юуных нь мега төсөл байх вэ дээ. Тавантолгойгоос баруун урагш Нарийн Сухайтын орд хүртэл нийт 12 нүүрсний орд байгаа. Монгол яаж л бол яаж хөгжих бүрэн боломж бий.

-Нефть боловсруулах үйлдвэр барина гэж яриад хэдэн Засгийн газрын нүүрийг ч үзэв дээ. Боловсруулах үйлдвэр барих 15 төслөөс аль нь ч ажил хэрэг болсонгүй. Харин саяхан Аж үйлдвэрийн сайд хоёр бүсэд боловсруулах үйлдвэр барих Засгийн газрын тогтоол гарсан талаар дуулгасан.

-Нефть боловсруулах үйлдвэр Сайншандад барих нь түмэн зөв гэж хэлмээр байна. Дотооддоо нэг сая тон нефть олборлочихоод, импортын шатахуун зөөдөг тэнэг улс Монголоос өөр байна уу? Зүүнбаянгийн аж үйлдвэрийн парк-д ширэм хийнэ гэсэн байна билээ. Дорноговь аймгийн Зүүнбаян сумын баруун хойно Чойроос 50 гаруй км-ийн зайд 42 хувийн агуулгатай Эрээний орд гэж төмрийн ордтой юм. Тэгэхээр хүчин чадлын хувьд  сая тонныг Сайншандад, Зүүнбаянд галбын говийн нефтийн ордуудаа түшиглээд нэг сая тонныг, Дорнод юм уу Баруун-Уртад дахиад нэг сая тонн газрын тос боловсруулах бүрэн боломжтой. Зүүн талын Тамсагийн нефтийн нөөцөө Дорнод, Баруун-Уртад боловсруулна гэж тооцох хэрэгтэй. Баруун талын Зүүнбаян, Цагаан элс, галбын говийнхоо орд газруудыг  Сайншандад төвлөрүүлэхээр тооцох нь зөв.

Монгол Улс нефть боловсруулах үйлдвэрийг заавал барих ёстой. Д.Эрдэнэбат сайдын боловсруулах үйлдвэртэй болъё гээд хашгираад байгаа нь зөв шүү дээ. Нефть боловсруулах үйлдвэр барьснаар наад зах нь 18 нэр төрлийн үйлдвэр бий болдог.  Цагаан эрвээхэйний хороос эхлээд нийлэг эдлэл, утас үйлдвэрлэж, оёмол, нэхмэл бүтээгдэхүүний үйлдвэрлэл дагаж өндийдөг учиртай. Нефть боловсруулах үйлдвэр баръя гэж хятадууд ирэхгүй. Яагаад гэвэл тэд өөрсдөө түүхий эдтэй орон шүү дээ.

Үүнээс гадна би нэг зүйл хэлмээр байна. Саяхан Багануурын цахилгаан станц барих концессын гэрээг байгууллаа. Тэр сайн. Гэхдээ 700 мВт-ын тэр цахилгаан станциас асар их дулаан ялгарна. Тэр дулааныг ашиглаж дэргэд нь хүлэмжийн аж ахуй бий болгох хэрэгтэй.

Эх сурвалж: “Засгийн газрын мэдээ” сонин 2015 оны 4 дүгээр сар

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.28.179)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.