Төрийн банк болон Хөгжлийн банкны чиг үүргийг шинэчилнэ
Үйл явдал
/
2021-08-19

Сангийн сайд Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна.

-Сангийн яамнаас өнөөдөр Засгийн газрын хуралд хэд хэдэн санал орууллаа. Төрийн банк болон Хөгжлийн банкны чиг үүргийг шинэчилнэ. Төрийн банк жижиглэнгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж байна. Цаашид илүү тодорхой болгон, бага орлоготой хэсгийг бойжуулах, нийгмийн дундаж давхаргыг тэлэх алсын хараанд Төрийн банк хувь нэмрээ оруулна. Ингэснээр тус банкнаас үзүүлдэг үйлчилгээний цар хүрээ тэлнэ. Нийгмийн тодорхой хэсэгт хүрч үйлчилнэ гэсэн үг юм.  Төрөөс Төрийн банканд тусалж дэмжинэ.

Улс орнууд дундаж давхаргаа өөр өөрөөр тодорхойлж байна. Манай улсад сард 1-1.3 сая төгрөгийн орлоготой өрхийг дундаж давхарга гэж үзнэ. Машин, байрны зээлээ төлчихдөг, хадгаламжтай өрхүүдийг олон улсын жишгээр дундаж давхаргынхан гэж нэрлэдэг. Бид цаашид дундаж давхарга бойжуулах хэрэгтэй.

Хөгжлийн банк өнөөдрийг хүртэл төслийн буюу том хэмжээний зээл олгосоор иржээ. Манай улсын эдийн засагт худалдаа томоохон байр суурь эзэлдэг. Гэвч манайд худалдааны санхүүжилт дутагдалтай байна. Цаашид Хөгжлийн банкийг экспорт-импортын банк болгоно. Үүний тулд Хөгжлийн банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахгүй. Гэхдээ банкны дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулна.

Энэ оны нэгдүгээр сараас хойш Хөгжлийн банк нэг ч зээл олгоогүй. Тус банкны нийт зээлийн үлдэгдэл 3 их наяд төгрөг байгаагаас 1 их наяд төгрөг нь чанаргүй зээл болсон. Иймд шинэ зээл өгөх чадамжгүй байна. Банк татан буугдах хэмжээнд хүрч болзошгүй тул Монголбанк тус банканд хяналт шалгалт хийж байна. Төсвөөс томоохон зээлийг санхүүжүүлэх боломжгүй тул Хөгжлийн банкийг байгуулсан.

Одоогийн балансаар тус банк үйл ажиллагаа явуулах боломжгүй. Ойрын хугацаанд бүтцийн өөрчлөлт хийнэ. Энэ нь хүний асуудал биш юм. Харин чанаргүй зээлээ хурдан эргэн төлүүлэхэд анхаарна гэв.

Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өгөх үеэр сэтгүүлчид түүнээс НӨАТ-ын хувь хэмжээг бууруулах, эсэхийг асуув. Сангийн сайд энэ асуултад хариулахдаа “НӨАТ-ын тухай хууль бол далд эдийн засгийг бууруулах давхар ач холбогдолтой. Мөн улсын төсвийн орлогод НӨАТ-ын татвар томоохон байр суурь эзэлдэг. Сангийн яам одоогийн тогтолцоогоо тогвортой хадгална. Манайх шиг НӨАТ-ын буцаан олголтыг иргэдэд өгдөг улс байхгүй. Цөөн улсад зөвхөн сугалаагаар буцаан олгодог. Манай улсад НӨАТ-ын орлого арван хувь байгаа нь бусад улсын дунджаас бага. ОХУ, БНХАУ-д 16-21 хувийн НӨАТ-ын татвартай гэв.

Энэ оны эхний долоон сарын байдлаар улсын төсвийн тэнцвэржүүлсэн орлого 7.7 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 2.8 их наяд төгрөгөөр нэмэгдэв. Төсвийн орлого нэмэгдэхэд
•    Орлогын албан татвар 2 дахин,
•    Нэмэгдсэн өртгийн албан татвар 36 хувь өссөн нь голлох нөлөөг үзүүлэв гэж ҮСХ-ноос мэдээлсэн юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.220.152.139)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.