Үндэсний баялгийн сан гурван чиглэлтэй байна
Үйл явдал
/
2021-09-05

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн 6.2-т “Монгол Улсын иргэнд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, баялаг ой, усны нөөц, ан амьтан төрийн, нийтийн өмч мөн.

Газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, шударга хүртээхэд чиглэнэ” гэж тусгасан билээ. Энэхүү заалтын хэрэгжилтийг хангах хүрээнд Монгол Улс нэн түрүүнд Үндэсний баялгийн сантай болох шаардлага бий. Мөн Монгол Улсын 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд Үндэсний баялгийн сан байгуулна гэж тусгасан. Тиймээс Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг УИХ-ын намрын ээлжит чуулганаар хэлэлцэхээр төлөвлөж, хэлэлцэх асуудлын дараалалд багтаасан байна. Тус хуулийн төслийг газрын доорх баялгаас хүртэх өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, одоо болон ирээдүй үеийн иргэн бүрд тэгш шударга хүртээх гэсэн том агуулгын хүрээнд Засгийн газраас байгуулсан ажлын хэсэг боловсруулж байгаа юм. Иргэн бүр байгалийн баялгаасаа хувь хүртдэг болох, даатгал, шимтгэл хэлбэрээр үүсгэсэн хуримтлал нь амьдралын баталгаа болдог тогтолцоог Монголд нэвтрүүлж, дөрвөн сангаас бүрдсэн Үндэсний баялгийн сангийн тогтолцоог бүрдүүлнэ хэмээн зорьж байгаа аж.

Монгол Улсад өнөөдрийн байдлаар Ирээдүйн өв сан, Тогтворжуулалтын сан бий. Ирээдүйн өв сангийн тухайд 2016 онд хуулийг нь баталж, ирээдүй, үр хойчдоо зориулан нийтийн баялгийн өгөөжөө энэ санд хадгалж эхэлсэн. Харин Тогтворжуулалтын сан нь эрдэс баялгийн үнийн цочролоос хамгаалах замаар төсвийн сахилга бат, тогтвортой байдлыг сайжруулах үндсэн зорилготой. Тэгвэл дээрх хоёр сан дээр нэмж Хөгжлийн сан, Хуримтлалын нэгдсэн санг байгуулахаар төлөвлөжээ. Тухайлбал, эдийн засгийн тэргүүлэх салбаруудыг дэмжиж төрөлжүүлэх, дэд бүтцэд хөрөнгө оруулж өрсөлдөх чадвар сайжруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, ажилтай, орлоготой чинээлэг дундаж давхаргыг бий болгох зорилготой Хөгжлийн сан байгуулах аж. Харин Хуримтлалын нэгдсэн сангийн тухайд нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг зохистой удирдлагыг төлөвшүүлж, санг алдагдалгүй түвшинд хүргэх, нийгмийн даатгалын бүрэн бие даасан тогтолцоог бий болгох цаашлаад тэтгэврийн нөөц санг ашигт малтмалын орд газрын орлогын өгөөж болон ипотекийн санхүүжилтийн эх үүсвэрээс бүрдүүлдэг болох зорилготойгоор байгуулах гэнэ. Үүнээс гадна Хуримтлалын нэгдсэн сангаар дамжуулж, иргэн бүрийн боловсрол, эрүүл мэнд, тэтгэвэр, орон сууц, нийгмийн хамгааллын үйлчилгээг цогцоор нь шийдвэрлэхээр төлөвлөсөн байна. Ингээд дээрх сангууд бодлогын уялдаа холбоотой ажилласнаар Үндэсний баялгийн сангийн тогтолцоо бүрдэх боломжтой гэж ажлын хэсэг үзсэн. Өөрөөр хэлбэл, Үндэсний баялгийн сан хуримтлалын, тогтворжуулалтын, хөгжлийн гэсэн үйл ажиллагааны гурван чиглэлтэй байх аж. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Уул уурхайн салбарын орлогыг илүү өгөөжтэй байлгаж, байгалийн баялгийг шударга хүртээмжтэй хуваарилахын тулд Үндэсний баялгийн сан байгуулна. Үндэсний баялгийн сан хуримтлалын, тогтворжуулалтын, хөгжлийн гэсэн үйл ажиллагааны гурван чиглэлтэй байна” гэсэн юм.

 

БАЙГАЛИЙН БАЯЛГИЙН ХУВААРИЛАЛТЫГ ИРГЭНД ИЛ БОЛГОНО

 

Байгалийн баялаг иргэнд очихын тулд хайгуул, олборлолт, борлуулалт, хуваарилалт гэсэн замаар дамжих хүрдэг байна. Харин иргэнд хэрхэн хуваарилхыг тодорхой болгохоор Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг боловсруулж байгаа Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон онцолсон. Хуулийг баталснаар байгалийн баялгийн хуваарилалт нь иргэнд ил болно гэдгийг мөн хэлж байгаа юм. УИХ-д өргөн барихаар бэлтгэсэн хуулийн төслөөр Баялгийн сангийн менежментийг “Эрдэнэс Монгол” компани хэрэгжүүлэхээр тусгасан байна. Олон улсад тогтсон жишгээр ТУЗ-ийн даргаар Засгийн газрын тэргүүн байдаг байна. Тиймээс энэ хэлбэрээр ТУЗ-ийн дарга нь Ерөнхий сайд байхаар тусгасан аж. Сангийн хөрөнгийг байршуулах, хөрөнгө оруулалт хийх ерөнхий төлөвлөгөөг сангийн хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэгч төрийн өмчит компани гурван жилээр боловсруулж, тухайн жилийн улсын төсөвтэй хамт УИХ-аар батлуулахаар тусгасан байна.

Одоогийн мөрдөж буй хуулиар Ирээдүйн өв санд хуримтлагдсан орлогод 2030 он хүртэл гар хүрэхгүй байхаар тусгасан бөгөөд 2030 оноос эхлэн улсын төсөвт зөвхөн 10 хувийг шилжүүлхээр байгаа. Өөрөөр хэлбэл, Ирээдүйн өв сангийн тухайд хөрөнгийг удаан хугацаанд царцаасан. Тэгвэл Үндэсний баялгийн сангийн хуульд сангийн хөрөнгийг зарцуулалтаас гадна хэрхэн арвижуулах талаар заасан байна. Баялгийн сангийн орлогыг байгалийн баялаг ашигласны онцгой татвар, төрийн өмчит компаниудын ашгаар бүрдүүлнэ. Харин хуримтлагдсан хөрөнгийг эдийн засгийн тэргүүлэх чиглэлийг дэмжих, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд зарцуулах болно гэсэн байр суурийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илэрхийлсэн. Мөн Үндэсний баялгийн сангийн тухайн жилийн нийт хөрөнгийн тодорхой хувийг нь олон улсын санхүүгийн зах зээл дээр зээлжих зэрэглэл нь хамгийн өндөр болон түүнтэй адилтгах үнэлгээтэй бөгөөд жил бүрийн өгөх өгөөж нь тодорхой санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх, түүнчлэн стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахтай холбоотой дэд бүтцийн барилга байгууламж байгуулах болон санхүүгийн үр ашигтай төслүүдэд хөрөнгө оруу­лалт хийхээр тусгажээ. Мөн сангийн нийт хөрөнгийн

тодорхой хувийг Эрсдэлийн сан байгуулж нөөцлөх бөгөөд энэхүү хөрөнгийг Монголбанкинд тусгай данс нээж байршуулах зэрэг заалт байгаа аж.

 

ХУРИМТЛАЛЫН НЭГДСЭН САН, ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САН БҮРДҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХОРООГ БАЙГУУЛАВ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын дэргэд шинээр дөрвөн Үндэсний хороо байгуулан, өөрийн биеэр ахалж буй. Үүний нэг нь Иргэ­дийн орон сууцжуулалтыг нэмэх, хуримтлалын нэгдсэн сан, Үндэс­ний баялгийн сан бүрдүүлэх, дундаж давхаргыг тэлэх үндэсний хороо юм. Тус хорооны орлогч даргаар Сангийн сайд Б.Жавхлан ажиллана. Харин нарийн бичгийн даргаар буюу “гал тогоо”-г нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал барьж байгаа юм.

Үндэсний хороо нэрнээсээ л харахад ойлгомжтой. Иргэдийн амьжиргааг дэмжих, орон сууцанд хамруулах чиглэлээр ажиллана. Үүнээс гадна Хуримтлалын нэгд­сэн сан, Үндэсний баялгийн сан бүрдүүлэхэд чиглэж ажиллана. Ямартай ч Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг ирэх намрын чуулганаар хэлэлцэх товтой байгаа. Харин Хуримтлалын нэгдсэн сангийн тухай хуулийг хэлэлцэх эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Хуримтлалын нэгдсэн сангаар дамжуулж, иргэн бүрийн боловсрол, эрүүл мэнд, тэтгэвэр, орон сууц, нийгмийн хамгааллын үйлчилгээг цогцоор нь шийдвэрлэх тогтоцоонд үе шаттай шилжихийн тулд Хуримлалын нэгдсэн сан­гийн тухай хуулийн төсөл боловсруулсан болохыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа онцолж байгаа юм. Тус санг байгуулснаар тогтвортой ажлын байр, хөдөлмөр эрхлэлт нэмэгдэж, байгалийн баялгийг иргэн бүр тэгш хүртэх, нийгмийн дундаж давхарга нэмэгдэн, хүн бүр хуримтлалтай, хуримтлалын сангийн схемтэй болно гэж үзэж байгаа. Сингапурын бо­ловсрол, эрүүл мэнд, тэтгэвэр, түгжрэл, орон сууцжуулах асууд­лаа хуримтлалын нэгдсэн сангаараа дамжуулж шийдсэн загварыг ХНХЯ судалж, Гадаад харилцааны яамаар дамжуулан холбогдох албаныхантай нь харилцаж байгааг Иргэдийн орон сууцжуулалтыг нэмэх, хуримтлалын нэгдсэн сан, Үндэсний баялгийн сан бүрдүүлэх, дундаж давхаргыг тэлэх үндэсний хорооны хуралдааны үеэр холбогдох хүмүүс мэдээлсэн.

 

ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНГИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ УИХ-ЫН “БОСГО” ДАВНА

 

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ байгалийн баялгийг ард түмэнд тэгш шударга хүртээх Баялгийн сан байгуулах талд эртнээс анхаарлаа хандуулж ирсэн. ЗГХЭГ-ын дарга байхдаа Норвегийн жишгээр баялгийн сан байгуулах талаар ярьж, Баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг ахалж байв. Харамсалтай нь тус хуулийн төсөл УИХ-ын “босго” давж чадаагүй юм. Зөвхөн энэ ч биш олон жил байгалийн баялгийн үр өгөөжийг төвлөрүүлэх сантай болох талаар үе үеийн Засгийн газар ярьж, хуулийн төсөл боловсруулсан гэх боловч өнөөдрийг хүртэл УИХ-аар хэлэлцэгдээгүй. Тэгвэл Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг УИХ-ын “босго” давуулах болов уу гэсэн хүлээлт олон нийтэд бий болоод удаж байна. Учир нь, иргэд энэхүү сангаар дамжуулж байгалийн баялгийнхаа өгөөжийг хүртэнэ гэсэн хүлээлттэй байгаа юм. Ерөнхий сайд ч энэ сангийн хуримтлагдсан хөрөнгөнөөс иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд зориулна гэдгийг хэлсэн. Тиймээс Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болсон даруйдаа Үндэсний баялгийн сан байгуулах, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгасаны дагуу Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг боловсруулах асуудлыг тууштай үргэлжлүүлж, ажил хэрэг болгохоор өнгөрсөн гуравдугаар сард хуулийн төсөл боловсруулж, хэлэлцүүлэх үүргийг холбогдох хүмүүст өгч, ажлын хэсэг байгуулаад байгаа юм. Ажлын хэсэг энэ намрын чуулганаар хэлэлцүүлэх Үндэсний баялгийн сангийн хуулийн төслийг тун удахгүй УИХ-д өргөн барьж, хэлэлцүүлэх ажил ийнхүү хүлээгдэж байна.

М.Энхцэцэг

Эх сурвалж: Монголын үнэн

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.12.186)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.