Нэгдүгээр дамжааны 12 оюутанд дөрвөн жилийн сургалтын төлбөрийн тэтгэлэг олгов
Үйл явдал
/
2021-09-13
"Ажиа гэгээний зөв тэтгэлэг"-ийн III шатны сонгон шалгаруулалт өнгөрөгч баасан гарагт /2021.09.10/ болов.

АНУ-ын Индиана мужийн Монгол-Төвдийн Буддист соёлын төв хийдийн хамба лам Ажиа Гэгээнтэн нь 2006 оноос Монголчуудад, тэр дундаа хүүхдүүдэд зориулсан буян номын үйл хэргийг эхлүүлжээ. Тухайлбал цусны хавдартай хүүхдүүдэд зориулсан эмнэлгийг барьж ашиглалтад оруулан 2014 онд ЭХЭМҮТ-д хүлээлгэн өгсөн.

Түүнчлэн сурах хүсэл эрмэлзэл, авьяас чадвартай ч санхүүгийн бололцоо дутмаг шинэ оюутнуудыг улсын их дээд сургуульд элсэн суралцахад дэмжиж,  “Зөв Тэтгэлэг” хөтөлбөрийг 2019 оноос хэрэгжүүлж эхэлжээ. Энэхүү тэтгэлгийн гурав дахь удаагийн үйл ажиллагааны эцсийн шалгаруулалт энэ сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод боллоо. Шалгаруулалтад нийт 64 хүүхэд хамрагдсанаас эцсийн шатанд 18 хүүхэд тэнцсэн байна. Үүнээс МУИС, МУБИС, ШУТИС зэрэг их, дээд сургуульд шинээр элсээд буй 12 оюутанд суралцах хугацааны бүтэн тэтгэлэг олголоо.

"Энэрэл Нигүүлсэл Оюун билгийн төв" ТББ-ын менежер, Ажиа Гэгээнтний Монгол дахь төлөөлөгч Ч.Батнайрамдал "Ажиа гэгээн 1950 онд төрсөн, улс төрийн шалтгааны улмаас 1998 онд АНУ-д гарсан Монгол хүн. Монгол улсдаа "Энэрэл нигүүлсэл" ТББ байгуулаад үүгээр дамжуулан соёл, шашин уламжлал, хүүхэд хамгаалал, эрүүл мэнд гэсэн гурван чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

Тухайлбал сурах боломжтой ч санхүүгийн хувьд дутмаг оюутнуудад дэмжлэг үзүүлэх зорилготой "Зөв тэтгэлэг"-ийг 2019 оноос эхлүүлсэн. Тэтгэлгийн энэ жилийн шалгаруулалтад хөдөө, орон нутгаас хүүхдүүд хамрагдаж буйгаар онцлог.  Сонгон шалгаруулалтад оролцогчдод ЭЕШ-ын босго оноо 600-аас дээш, төрийн өмчийн их, дээд сургуульд элссэн зэрэг шалгуур тавьж байгаа. Мөн нийгмийн идэвхийг чухалчилдаг. Үндсэндээ зөв хүнийг төлөвшүүлж, бий болгоход тэтгэлгийн гол зорилго оршиж байна.

Гэгээн багш сэтгэлээрээ баян хүн. Сайн үйлсэд шамдсан олон хүнийг нэгтгэж эвлүүлж чадаж байгаагаараа баян. Түүнээс тэрбумтан биш. Зөвхөн Монголд биш Энэтхэгт сурч байгаа лам нар, Төвдийн ард түмэн гээд хаана хүнд хэцүү нөхцөл байдал үүснэ, тэнд өглөгийн гараа сунгадаг хүн" гэв.

Эцсийн шатны шалгаруулалтаар нийгмийн үйл ажиллагаа, гэр бүлийн орлого, санхүүгийн нөхцөл байдал, хувь хүний зан чанарын онцлог, эцэг эхийн хандлага, дэмжлэг зэргийг харгалзан үзэж шүүгчид оноо өгч, тэтгэлгийн ялагчдыг тодруулав. 

МУИС-ийн программ хангамжийн нэгдүгээр дамжааны оюутан Д.Одонтуяа, СУИС-ийн уран зургийн ангийн оюутан Б.Дашням, ШУТИС-ийн дулааны процессын автоматжуулалтын ангийн оюутан Э.Энхжин, АШУҮИС-ийн хүний их эмч мэргэжлийг сонгон суралцаж буй Э.Намуундөлгөөн нарын 12 оюутанд дөрөв ба түүнээс дээш суралцах хугацааны сургалтын төлбөрийн тэтгэлгийг олголоо.

 

Шүүгчид сонгон шалгаруулалтад санал өгөхдөө сурлагын төвшин, мэргэжил, сургуулийн мэдээлэл, гэр бүлийн байдал /дэмжлэг шаардлагатайг харгалзан үзэх/, хувь хүний онцлог, чадамж, нийгмийн ажил, урлаг спортын амжилт, идэвх, ирээдүйн төлөвшлийг харгалзан үзсэн аж.

Тэтгэлэгт хамрагдсан оюутнууд 3, 4-р дамжаанд суралцах үедээ багт хуваагдан амьдарч буй хүрээлэлдээ зуны амралтаар хэрэгжүүлэх нийгэмд тустай бичил төслүүд санаачлан хэрэгжүүлэх юм байна. Энэхүү тэтгэлгийг 2019 оноос хойш нийт 38 оюутанд олгожээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.141.2.157)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.