Улстөрчид ба ТА бид
Үйл явдал
/
2021-09-14

Сонгуулийн ерөнхий хороо Улсын Их Хурлын сонгуулийн 18 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуульд 4 нэр дэвшигч, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуульд 10 нэр дэвшигчийг тус тус бүртгэж, нэр дэвшигчийн үнэмлэх олгох тухай тогтоол гаргажээ.

18-р тойрогт улс төрийн 3 нам, нэг бие даан нэр дэвшигч өрсөлдөхөөр болов. Үүнд:

  1. МАН-аас Цагаанхүүгийн Идэрбат
  2. АН-аас Батхүүгийн ГАРАМГАЙБААТАР
  3. Ард Түмний Олонхийн Засаглал намаас Дэнзэнгийн ЧУЛУУНБАТ
  4. Бие даан нэрээ дэвшүүлэгч Магнайбаярын ЧИНГИСХААН

28-р тойрогт улс төрийн 8 нам, нэг эвсэл, нэг бие даан нэр дэвшигч өөр хоорондоо үзэж тарж, үсэрч наадах боллоо. Үүнд:

  1. МАН-аас Н.Энхбаярын БАТШУГАР
  2. АН-аас С.Эрдэнийн БАТ-ҮҮЛ
  3. Иргэний Зориг-Ногоон намаас Шагдарсүрэнгийн ГАНТУЛГА
  4. Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч намаас Шоовдорын ТӨМӨРСҮХ
  5. “Зөв хүн-Электорат” эвслээс Бадрахын НАЙДАЛАА
  6. Үнэн ба Зөв намаас Аюурзанын ОТГОНБААТАР
  7. Дэлхийн Монголчууд намаас Логийн ЦОГ
  8. Ард Түмний Олонхийн Засаглал намаас Алтанцэцэгийн БАТДОРЖ
  9. Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл намаас Цэндсүрэнгийн ГАНТУЛГА
  10. Бие даан нэрээ дэвшүүлэгч Хадбаатарын БАТ-ЯЛАЛТ

“Төөрсөөр төрөлдөө”-гийн “Надад улаан нь ч байна, цагаан нь ч байна” гэдэг шиг Та бидний өмнө УИХ-ын 18, 28-р тойргийн нөхөн сонгуульд нэр дэвшиж, өөр хоорондоо өрсөлдөх 14 этгээд, өөрсдийнхөө “хамгийн царайлаг, гоё гарсан фото”-гоо дэлгэн сурталчлахад бэлэн болжээ.

Энэ хэдэн нөхдөөс шалгарсан манлай нь УИХ-ын хоёр тойргийн нөхөн сонгуульд сонгогч Та биднийг УИХ-д төлөөлөн сууна. Эсвэл үгүй. Тэд дэлхийн цар хүрээнд гэхээ больё, хойд, урд хөрш болон гуравдагч хөршүүдийн түвшинд улс төрийн бодлого боловсруулж чадах улсууд мөн үү.

Гэхдээ л тэд Монгол төрийн бодлого, алс ирээдүйн хөгжил дэвшлийн чиг хандлагыг тодорхойлно, төлөвлөнө мөн хэрэгжүүлнэ. Түүнтэйгээ уялдуулж жил бүр улсын төсвийн тухай хууль болон бусад холбогдох хууль, дүрэм журам боловсруулж, элдэв төрлийн тогтоол, захирамж гаргаж батална.

Тэгээд ч зогсохгүй, төрийн шийдвэр гаргах түвшний өндөр дээд эрх мэдэл бүхий албан тушаалд хэн хэн ажиллах, огцрох, тэднийг ямар шалгуураар сонгон шалгаруулах, ямар шаардлага тавьж ажлуулахаар болсноо сонгогч олондоо ил тод тайлагнах, таниулах тийм эрх үүрэг, харицлага, сахилга бат өндөртэй төрийн албанд очих болно. Эсвэл үгүй. Та бид, энэ этгээдүүдээс, миний эх орон, төр засгийн баримтлаж яваа бодлого, байж байгаа царайг хэрхэн яаж сайжруулж, өөрчлөхийг шаардана мөн хүлээж горьдоно.

Түүнчлэн Та бидний эх орон, газар нутаг, эрдэс баялаг, хүн амын оюуны чадамж, эрүүл мэнд, боловсролыг ихэд сонирхож, өөрсдийн төрийн бодлогыг тусгайлан чиглүүлж, түүнийгээ системтэйгээр амжилттай хэрэгжүүлж ирсэн гадаад их гүрнүүдийн улс төр, эдийн засгийг ашиг сонирхол, тэдний “хар хайрцаг”-ны бодлогыг хэрхэн яаж, таниж мэдээд сөргүүлэн эх орон ард түмэндээ үр ашигтай, үр өгөөжтэй ашиглаж, урьд өмнө явж ирсэн бүх төрлийн харилцаа, хамтын ажиллагааг цоо шинэ шатанд гаргаж чадах эсэхийг тэднээс заавал асууж, ам өчгийг нь авах ёстой.

Ингэхэд мартаснаас мал мэнд үү гэгчээр энэ хэд маань улс төрийн наад захын ийм бодлогыг хэрэгжүүлж чадах уу, тэдэнд ийм чадвар бий юу, эсвэл үгүй юү хэмээн ядаж өөр зуураа бодох учиртай. Бусад шигээ улс төр, амин хувийн ашиг сонирхолд хөтлөгдөн өөр хоорондоо хагаралдаж, нэгдээд элдэв хулгай, луйвар, дээрмээ хийгээд тэнэгтээд байх юм биш биз. Тэд санаа, зорилгоо нэгтгэн, эе эв, эв нэгдлийг сахиж, ур ухаанаа уралдуулан дэлхийн түвшинд сэтгэх чадвар, мэдлэг боловсролтой билүү, тийм чадварыг эзэмшсэн үү гэх мэтээр тунгаан бодож, үнэлж цэгнэх ёстой юмсан.

Харин тэд энэ бүхнийг элбэгхэн хийж чадна хэмээн өөрсдийгөө тоож байна. Тэр бүү хэл, үүнд нийцэх хангалттай мэдлэг боловсролтой, түүнийгээ ашиглах дадлага, туршлага хуримтлуулсан, “төрийн хар хүн”-ий нэр төр, алдар хүндтэй албыг өлхөөн хашчихна хэмээн өөрөө өөрсдийгөө үнэлж байна.  

Хэрхэхийг сонгоч Та мэдтүгэй.

Энүүхэндээ гэхэд Та бид өнгөрсөн 30 жилд хулхидуулахдаа хулхидуулж, хошгорохдоо хошгорсоор ирсэн гашуун боловч бодит, үнэн түүхийг өөрсдийн бие сэтгэл, ар гэр, амьдрал ахуйгаар туулж, хангалттай туршлага хуримтлуулсан улс. Хаширвал хаширахаар болсон сонгогчид. Үүнийгээ бүү март. Мартвал хонгилын үзүүрт гялтайх чадал муутайхан түүдэг маань  конец болно.

Г.Гучин-Ес

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.221.254.61)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.