Б.Жаргалсайхан: Ачаа тээвэр саатсанаас болж өргөн хэрэглээний барааны үнэ өсөөд байна
Үйл явдал
/
2021-09-14
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд боллоо. Хувийн хэвшлийнхний байр суурийг хүргэж байна.
 
“Буян” компанийн захирал Б.Жаргалсайхан:
 
“Энэ уулзалтыг жил болгон зохион байгуулж байх нь үр дүнтэй гэж харж байна. Би хэдэн зүйл хэлье.
Өнөөдөр бидний амьдралд цар тахлаас илүү саад болж байгаа нэг зүйл бол хавтгайрсан архидалт. Ажил хийдэг хүн алга. Цалингаа авна. 2-3 долоо хоногоор архидаад алга болдог. Герман Улсад архины онцгой татвар манайхаас 60 хувиар өндөр юм билээ. Хөдөө, хотгүй бүгд согтуу. Төрийн албан хаагчид нь чөлөөт цагаараа энэ хэдэн уулын аманд согтуу.
 
Одоо үүнийг цэгцлэх цаг болсон. Үүнээс ажлаа эхэлье. УИХ-ын даргад хандаж спиртийн онцгой албан татварыг нэмэгдүүлэх хууль санаачилж, яаралтай хэлэлцэж өгөөч гэж хүсье.
 
Улсын төсөв хэмжээтэй. Цалин нэмье гэдэг. Гэтэл Монгол Улсын төсөв 3.5 тэрбум ам.доллар. Тэгэхээр яаж цалин нэмэх үү?. Тиймээс энэ жилээс эхлээд улсын төсөв батлахдаа орон нутгууд төсвийнхөө 50 хувийг татвараар бүрдүүлүүлдэг болъё. Нэгдсэн төсвөөр бүх юмаа даалгадгаа больё. Аймгийн Засаг дарга, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал гээд бүгд улсын төсвөөс халбагдаж байдаг. Гэвч эргээд нэг ч төгрөгийн хөрөнгө оруулдаггүй.
 
Ачаа тээвэр саатсанаас болж өргөн хэрэглээний барааны үнэ өсөөд байна. Нүүрс, төмрийн хүдрээ зөөж гаргаад буцахдаа хоосон ирж байна. Тиймээс төмөр замын ачаа тээврийг хоёр талдаа ачаатай явуулах хэрэгтэй. Ингэсэн тохиолдолд Хятадын тал өөрсдийнхөө үйлдвэрлэлийг явуулахын тулд өдөртөө манай ачааг явуулна.
Нүүрсний хэрэгцээ өсөн нэмэгдсээр байхад 20 сая тн л гаргаж байна. Бид үүнийг нэмэхийн тулд чөлөөт бүс байгуулж, хилийн боомтоо цэгцлэх хэрэгтэй. Худалдаа, эдийн засаг хөгжлийн яам байгуулах шаардлагатай байна."
Сэтгэгдэл:
Таны IP: (18.221.163.13)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.