У.Хүрэлсүх: Х.Баттулга Ерөнхийлөгчийн эхлүүлсэн ЗӨВ БОДЛОГЫГ үргэлжлүүлнэ. Төмөр замыг гүйцээх ЁСТОЙ!!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-09-16

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт болсон. Энэ үеэр  Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уулзалтыг нээж үг хэлэв.  Тэрбээр цар тахлын улмаас амь насаа алдсан иргэдийн ар гэр, төрөл төрөгсөд, ойр дотны хүмүүст гүн эмгэнэл илэрхийллээ. Мөн  цар тахалтай тэмцэж байгаа эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналт болон бусад төрийн албан хаагчид,  хүнд цаг үед бүх боломжоо дайчлан тасралтгүй ажиллаж, ажлын байраа хадгалж буй баялаг бүтээгчид, хөрөнгө оруулагч нарт талархал илэрхийлж, амжилт хүсэв. Түүнчлэн цар тахлын өндөржүүлсэн бэлэн байдлын үед халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж, төр засгаас явуулж буй бодлого, үйл ажиллагааг ойлгон дэмжсээр ирсэн нийт ард иргэддээ Монгол төрийн нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлж эрүүл энхийг хүслээ.

Төр, засаг багагүй төсөв, хөрөнгө зарцуулсны дүнд тодорхой эерэг үзүүлэлт гарч байгаа хэдий ч цар тахлын аюул хэзээ дуусах нь тодорхойгүй байгааг тэмдэглэв. Цаашид иргэдийн бодит орлогыг өсгөх, үнийн өсөлтийг хязгаарлах, хил гаалийн асуудлыг шийдвэрлэх, экспортыг богино хугацаанд сэргээх, бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, төрийн албаны дунд, доод шатны хүнд суртал, авлига, хээл хахуулийг таслан зогсоох, эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх, баялаг бүтээгч, бизнес эрхлэгчдээ дэмжих зэрэг тулгамдсан олон асуудал байгааг хэлэв. Тиймээс эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх эрх зүйн шинэ орчныг бий болгож, халамжаас хөдөлмөрт, олборлолтоос боловсруулалтад, импортоос экспортод шилжих стратегийн зорилтыг хэрэгжүүлэх нь чухал гэдгийг онцлов.

түүнчлэн  “Манайхан төрийн зөв бодлогыг үргэлжлүүлж чаддаггүй. Ганцхан жишээ хэлье. Э.Бат-Үүлийг хотын дарга байхад “Найрсаг Улаанбаатар” гэж нэртэй байсан. Дараа нь Ардын намынхан эрх бариад “Аз жаргалтай Улаанбаатар” болгосон. Энэ хоёрын хооронд ялгаа байгаагүй. Юу ч өөрчлөгдөөгүй. Бид бие биенийхээ хийсэн бүтээснийг нурааж явсанаас үргэлжлүүлж яваагүй. Зөвхөн нэрэн дээр ийм байгаа юм. Тиймээс цаашдаа бид урд урдынхаа Засаг төрийн хийж хэрэгжүүлсэн сайн ажлыг үргэлжлүүлдэг байх ёстой. Жишээ нь: Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа зэвсэгт хүчнийг стратегийн бүтээн байгуулалтад оруулсан. Энэ бол маш том амжилт. Төмөр зам тавьж эхэлсэн. Маш том бүтээн байгуулалт. Энэ төслийг бид цааш нь гүйцээх ёстой. Зүүнбаян-Сайншандын төмөр замыг тавих ёстой. Монгол улс транзит улс болохын тулд хоёр хөрштэйгөө төмөр замаар холбогдоно. Дорнодын Эрээнцаваас Сүхбаатарын Бичигтийн боомт хүртэл алс дорнодыг холбосон босоо тэнхлэгийн төмөр замаар холбоно. Тувагаар орж ирж байгаа хэсгийг БНХАУ-тай холбоно. Баруун, зүүн хоёр талаа холбож байж Монгол улс хөгжинө. Цагдаа, Тагнуул, Мэргэжлийн хяналтын газрын дарга нар энд суугаа байх. Ерөнхий сайд нь ч байна. Та нар одоо бизнесийн салбарынханд дарамт үзүүлж, сүрдүүлж шалгадагаа боль. Төр ажлын байр гаргаж чадахгүй учраас ажлын байр гаргаж, хүмүүс цалинжуулж байгаа энэ хэдийгээ битгий дээрэлхээд бай. Би Ерөнхий сайдаар дөрвөн жил ажиллахдаа энэ байдлыг халах гэж их хичээсэн. Харин хувийн хэвшлийнхэн минь та нар АВЛИГА НЭХДЭГ, АШИГ ХОНЖОО ХАЙДАГ нөхдүүдийг битгий өөгшүүл. Хэн нь юу гээд байна. шууд хэл. Авлигаар ажлаа амжуулдаг бэртэгчин сэтгэлтэй хүмүүс төрд байх эрхгүй. Бид ийм нийгмийн бүтээхийг зорьж байгаа” хэмээсэн юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.220.202.209)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.