Дэлхийн банкны “Ногоон сэргээн босголт” цахим уулзалт, хэлэлцүүлэг боллоо
Үйл явдал
/
2021-09-24
Дэлхийн банкнаас зохион байгуулсан “Ногоон сэргээн босголт” цахим хэлэлцүүлэг, уулзалт өчигдөр боллоо.

Уулзалтад Дэлхийн банкны тогтвортой хөгжлийн дэд захирал Юрген Фөгэлэ болон Дэлхийн банкны төлөөлөгчид, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн нар оролцлоо. Энэ удаагийн хэлэлцүүлэг уулзалтын гол сэдэв нь хүн төрөлхтний цаашдын хөгжилд сорилт болоод байгаа “Ковид-19” цар тахлын үеийн хүнсний хангамж, шим тэжээллэг чанарт үзүүлж буй сөрөг үр дагавар, төр, засгийн зүгээс хэрэгжүүлж буй бодлого, хэрхэн ногоон сэргээн босголт, реформ хийх вэ гэдэгт чиглэлээ. Уулзалтын үеэр ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн “Манай улсын хөдөө, аж ахуйн салбарт нүүдлийн мал аж ахуй голлох үүрэг гүйцэтгэдэг.  

Нийт 180 мянга гаруй малчин өрх байна. Энэ бол хүн амын тоогоор 1 сая орчим бөгөөд нийт хүн амын 30 орчим хувийн амьдралыг нүүдлийн мал аж ахуй залгуулдаг гэсэн үг юм. Гэтэл “Ковид-19” цар тахал, мөн энэ жил тохиолдсон байгалийн гамшиг болох зуд, түүний дараа болсон хаврын хүчтэй цасан болон шороон шуурга нь иргэдийн хүнс, шим тэжээлийн аюулгүй байдалд хүчтэй сөрөг нөлөө үзүүлж, орлогыг бодитоор бууруулсан” гэдгийг онцоллоо.


Түүнчлэн цар тахлын нөлөөгөөр дотоод, гадаадын хүнсний бүтээгдэхүүний үнэ өсч, нийт өрхийн 50.2 хувь нь хүнс, тэжээлийн их, бага хэмжээний асуудалтай тулгарсан. Тиймээс хүнсний системээ шинэчлэх нь маш чухал бас яаралтай авч хэрэгжүүлэх ёстой арга хэмжээ.  Бүх улс орнууд цар тахлын эдийн засагт учруулах нөлөөг багасгаж, цар тахлын дараах эдийн засгийг байгаль орчинд ээлтэй байдлаар сэргээж, олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд шаргуу ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газар ч цар тахлын урт хугацааны сөрөг нөлөөллийг бууруулах тодорхой арга хэмжээнүүдийг авч байна. Жишээлбэл, цар тахлын урт хугацааны сөрөг нөлөөллийг бууруулах, эдийн засгийг сэргээхэд чиглэсэн “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г Монгол Улсын Засгийн газар 2021 оны 2 дугаар сард батлан хэрэгжүүлж эхэлсэн. Монгол Улсын нэг жилийн төсвийн орлого 10 орчим их наяд төгрөг байдаг гэдгийг энд хэлэх нь зүйтэй. Дээрх төлөвлөгөөнд тусгагдсан Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд олгох, мөн хаврын тариалалт, ноолуур бэлтгэл болон малчдыг дэмжих нийт 2.5 их наяд төгрөг (ойролцоогоор 900 сая ам.доллар)-ийн хөнгөлөлттэй зээл нь хүнс, хөдөө аж ахуйн салбартай шууд холбоотой, маш тодорхой үр дүнгээ үзүүлж буй арга хэмжээ юм” гэв. 


Тус уулзалт хэлэлцүүлгийн үеэр Дэлхийн банкнаас хөдөө аж ахуйн салбарт ямар тусламж, дэмжлэг, төсөл хөтөлбөр өгөөжөө өгч байгааг дурдсан юм. Тухайлбал, Дэлхийн банкны 30 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийн санхүүжилтээс Зуд, хаврын хүчтэй цасан болон шороон шуурга, “Ковид-19” цар тахлын сөрөг нөлөөг бууруулахад зориулж малчдад нийт 13 сая ам.долларыг хуваарилсан нь үр дүнгээ өгсөн маш том дэмжлэг, тусламж болсныг дурдлаа. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.123.147)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.