Зөгийн аж ахуй нь хүний оролцоогүйгээр байгалийн тэнцвэрт эко-системийг бүрдүүлдэг
Үйл явдал
/
2021-05-29

Тоосжилт гэдэг нь манай гарагийн эко-системийн оршин тогтнох үндэс юм. Зэрлэг цэцэг, ургамлын төрөл зүйлийн 90 орчим хувь, хүнсний ургамлын 75 хувь, дэлхийн хөдөө аж ахуйн талбайн 35 хувь нь тоосжилтоос бүрэн хамаардаг. Тоосонцор нь хүнсний аюулгүй байдалд шууд хувь нэмэр оруулаад зогсохгүй биологийн олон янз байдлыг хадгалахад чухал үүрэг гүйцэтгэдэг.

Бид бүгд тоос хүртэгчдээс шууд хамааралтай тул тэдгээрийн бууралтыг хянах, биологийн олон янз байдлын алдагдлыг зогсоох нь өнөөдрийн дэлхий нийтэд шийдвэрлэх нэн чухал асуудлын нэг болоод байна. Эрвээхэй, сарьсан багваахай, зөгий болон бусад тоос хүртэгчид хүний үйл ажиллагаанаас улбаатай аюул заналхийлэлд өртөх нь улам бүр нэмэгдсээр байгааг сүүлийн үеийн судалгаа тод харуулж байна.

Тоос хүртэгчдийн ач холбогдол, тулгарч буй аюул, тогтвортой хөгжилд оруулж буй хувь нэмрийг сурталчлах зорилгоор Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас жил бүрийн 5-р сарын 20-ны өдрийг Дэлхийн зөгийн өдөр болгон тэмдэглэж ирсэн уламжлалтай. Дэлхийн хүнсний хангамжийн асуудлыг шийдвэрлэх, хөгжиж буй орнуудын хүнсний дутагдлыг арилгахад ихээхэн хувь нэмэр оруулах, зөгий болон бусад тоос хүртэгчдийг хамгаалахад чиглэсэн арга хэмжээг бэхжүүлэх зорилготойгоор 4 дэх удаагийн Дэлхийн зөгийн өдрийг зохион байгууллаа. 

Манай улс жилд 300 гаруй тонн зөгийн бал хураадаг

Монгол оронд зөгийн аж ахуйн суурь 1965-1990 онд тавигдаж, 2002 оноос эрчимтэй хөгжиж ирсэн. Монгол улсын хойд бүсэд байрлах Шарын гол дахь зөгийн үржлийн ферм, зөгийн суурийг нэгтгэн зөгий үржүүлгийн газрыг байгуулан ажиллаж байгаа бөгөөд Монгол Улсын Засгийн газрын зүгээс зөгийн болон бусад тоос хүртэгчдийн тоог нэмэгдүүлэхэд ихээхэн ач холбогдол өгч байна. 

Монгол орны дотоодын зөгийн балны 20 орчим хувийг таримал ургамал буюу рапс, гурвалжин будаанаас гарган авдаг бол 80 гаруй хувийг байгалийн зэрлэг цэцэгсээс гарган авдаг. Нөгөөтээгүүр далайн түвшнээс өндөрлөг газарт орших Монгол орны цаг агаарын эрс тэс, ургамлын өргөн тархацтай байдал нь Монголын зөгийн балны антиоксидант чанарыг бусад орны зөгийн балаас давуу байх боломжийг  бүрдүүлж байгаа нь судалгаагаар ногтлогдсон байдаг. 

Монгол Улс жил бүр 300 гаруй тонн өндөр уулын бүст таримал бус байгалийн олон цэцэгнээс түүсэн антиоксидантаар баялаг Монгол зөгийн балыг хурааж, дотоодын хэрэгцээг хангахаас гадна Бүгд Найрамдах Солонгос Улс, Японд бага хэмжээгээр экспортолж эхлээд байна.

Монгол улсын Засгийн газраас 2018 онд “Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг баталж, зөгийн аж ахуйг кластерын системээр хөгжүүлэхээр тусгасан нь Монголын зөгийн аж үйл ажиллагааг дэмжих боломжийг бүрдүүлсэн юм.

Түүнчлэн олон улсын төсөл хөтөлбөрийн хүрээнд “Зөгийн бал, техникийн шаардлага”, “Зөгийн балны гарал, үүслийг тодорхойлох” үндэсний стандартыг шинэчлэн батлуулснаар зөгийн балны чийглэлийг стандарт хэмжээнд байлгах, аль балт цэцэгнээс гаралтайг тодорхойлох, хуурамч зөгийн балнаас ялгах боломжийг бүрдүүлэн ажиллаж байгаа билээ.

 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.77.158)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.