СХД: Үерт автаж нөхцөл байдал хүндэрсэн хороодын хамгийн эрсдэлтэй хэсгүүдэд дахин ажиллалаа
Үйл явдал
/
2021-06-18
Сонгинохайрхан дүүргийн хэд, хэдэн хороог дамнасан булаг, хөрсний ус ойрын өдрүүдэд орж буй усархаг борооноор халиа үүсгэж, үерийн ам, усны суваг дагуу суурьшсан айл өрхүүдийн зорчих хөдөлгөөн, ундны усны хэрэглээнд хүндрэл учруулж байна.
 
Тиймээс дүүргийн Онцгой комиссын зүгээс эдгээр суурьшлын бүсийн айл өрхүүдийг үерт өртөх эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд боломжтой бүхий л арга хэмжээг дайчлан ажиллаж байна. Дүүргийн 9, 25, 42 дугаар хороодын үерт автсан хамгийн эрсдэлтэй хэсгүүдэд дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Газрын алба, тус хороодын Засаг дарга, Иргэдийн хурлын төлөөлөгчидтэй хамтран дахин ажиллалаа.
 
Хороодын эрсдэлтэй бүсээр явж байхдаа 25-р хорооны зарим оршин суугчид үерт өртсөн хэсэгт чулуугаар үерийн далан байгуулж байгаатай таарсан юм. Эдгээр иргэдийн саналыг сонсож далан хийж байгаа 6-р гудамжинд 10 машин хайрга, дайрга асгаж, оршин суугчдын санаачлагыг дэмжиж хамтран ажиллах, эрсдэлтэй хороодын үерт автсан хэсгүүдэд зориулалтын машин техник ашиглан эвдэрч, гэмтсэн зам талбайг засварлаж, гудамжинд үүссэн лаг шаврыг цэвэрлэн шороон далан хийхийг Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн дарга М.Энхманлайд үүрэг болголоо.
 
Мөн 42 дугаар хорооны “Хайрхан 13”, 9 дүгээр хорооны 6-р хэсэгт ажиллах үед хуучны далан, хоолой, гүүр үерт автсаны улмаас эвдэрч, усанд элэгдсэн далан эрэг дагуу нурж хараа хяналтгүй бага насны хүүхдүүд, ахмадууд, биеэ хянах чадваргүй иргэд аюулд өртөх эрсдэлтэй байдал үүссэн байгаа дээр яаралтай арга хэмжээ авахыг холбогдох албаныханд уламжлав.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.251.206)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.