Л.Оюун-Эрдэнэ: Бид хоригийн хоригт орчихлоо. Адаглаад мах, гурил, шатахуунтай байя
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-04-07

УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн "Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүсэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай" хуулийн төслийг хэлэлцэж байна.  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцон, гишүүдийн асуултад хариулж байна. Тэрээр:

-Бид хоригийн хоригт орчихлоо. Адаглаад мах, гурил, шатахуунтай байя. Бүх барааны үнийг төр хянаж чадахгүй. Амаргүй үед Засгийн газар маш тодорхой байр суурьтай байх ёстой. Улс төр болох вий хэмээн болгоомжилж, эс үйлдэхүй хийх нь буруу. Шатахуун литр тутамд 1000 төгрөгөөр өсөх нь таатай зүйл биш. Бид өөрсдийн нөөцөд тулгуурлан тэтгэврийн зээл нэмсэн. Би та бүхнээс юу ч нуухгүй, ил тод байн. Ирэх долоо хоногт би  Эрдэнэбүрэнгийн УЦС-ын асуудлыг оруулна. Малчдад нөхөн олговор олгох шаардлагатай. Мөн нийслэлийн LRT тээврийн хэрэгслийг УИХ-тай ярилцах шаардлагатай. ил тод хэлэлцэх нь хамгийн зөв. 

Хууль баталснаар эдгээр гурван барааны үнийг тодорхой хэмжээнд л хянана.  Нэр дурдсан гурван барааны үнийг тогтоон баривал инфляцын 50 хувийг мөн хянана.    

Цар тахлын хууль түүхэн үүргээ биелүүлсэн  шиг энэ хууль ч бүс нутагт үүссэн хямралыг хохирол багатай даван туулахад тусална. Бидэнд өөр гарц алга. Мөчлөг  сөрнө, хараад санаа алдаад суугаад байж болохгүй. Одооноос бэлтгэлээ хангах нь зөв. Бодсоноос сайнаар эргэхийг ч үгүйсгэхгүй. Засгийн  газар Төв банкийг дэмжиж ажиллана.         

Манай улсын ДНБ 40 их наяд төгрөг. Үүний 1/3-ийг бид татвараар бүрдүүлдэг. ДНБ-ээ өсгөх шаардлагатай. 2-3 жилд ДНБ 20 хувиар өснө. Би ажлын цагийнхаа дийлэнхийг том төслүүдэд зарцуулан ажиллаж байна.  Хөгжлийн банкны ТУЗ мэргэжлийн хүмүүс ажиллаж байхад тараан, улс төрчид шуналдаа хөтлөгдөн орсон. "Эрдэнэс Монгол"-той холбоотой дэлгэх асуудал ч бий. Улс төрчид төрийн банкууд, сангуудаас хол байх нь зөв. Орооцолдсон улс төрчийг  олон нийтийн хамт шахаад гаргахад болно. Би манлайлал үзүүлэн ажиллана. Манай парламент том биш шүү дээ.

Засгийн газар шалтаг тоочоогүй. Гэвч БНХАУ-ын хойд хэсэгт буюу Өвөр Монголд халдвар хамгийн их байна. Тус улсын боомтуудаас манай улстай хиллэсэн боомтоор л бараа орж гарч байна. Бид либералчлах бодлого баримтална гэлээ. Чуулган шуурхай горимоор үргэлжилж байна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (13.59.173.242)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.