-Цар тахлын хүнд үе ард хоцорч, та бүхэн Эрдэнэт үйлдвэрийн ажилтнууд, Орхон аймгийн иргэддээ соёл урлагаар үйлчилж эхэллээ. Уран бүтээлчдийн сэтгэгдэл ямар байна даа?
-Хүн төрөлхтөн энэ хүнд үеийг даван гарч, урлаг, соёлын болон олон нийтийн төвлөрсөн үйл ажиллагаа явагдах боломж бүрдсэнд бид баяртай байгаа. Манай цогцолборын урлаг, соёлын үйл ажиллагаа 3-р сарын нэгнээс идэвхтэй, тасралтгүй явж эхэллээ. Үйлдвэрийн газрын болоод Орхон аймгийн хэмжээний томоохон үйл ажиллагаа, форум, зөвлөлгөөн, уулзалтуудыг зохион байгуулсан. Шинэ он гараад хамгийн түрүүн ХАБЭА-н хэлтсийн тайлангийн хурал болдог уламжлалаар энэ оны үйл ажиллагаа ч мөн эхэлсэн. Үндэсний Цагаан сар, Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр зэрэг уламжлалт баярын үйл ажиллагаа явагдлаа. Мөн нийтийн дуучид, чөлөөт уран бүтээлч нар манай танхимыг түрээсэлж, олон тоглолт хийлээ. Манай уран бүтээлчдийн хувьд ч баярт үйл явдал тохиосон.
-Энэ тухайгаа тодруулбал?
-Чуулгын тайзнаа олон томоохон бүтээл найруулан тавьж, уран бүтээлчдээ төлөвшүүлэх, Эрдэнэт үйлдвэрийн олон авьяастнуудыг соёл урлагаар хичээллэж авьяасаа хөгжүүлэх, соёлын боловсролоо дээшлүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хүн бол манай Д.Одончимэг найруулагч. Д.Одончимэг найруулагчийн маань олон жилийн уйгагүй хөдөлмөр зүтгэлийг төр засаг өндрөөр үнэлж, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн цол тэмдгээр шагнагдсанд манай хамт олон маш их баяртай байна. Саяхан манай дуу бүжгийн Эрдэнэт чуулгын дуучин Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Н.Нямсүрэн “Хайрламаар сайхан” уран бүтээлийн цомгоо гаргаж, тоглолтоо толилууллаа. Эзгүй байсан тайзыг амилуулж, үзэгчдийн их хүлээлтэд нийцсэн сайхан тоглолт боллоо. Тоглолтод Улаанбаатар хотоос Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын эстрад симфони найрал хөгжим, Анир дуу бичлэгийн студийн том баг ирж ажиллан, хоёр удаа амжилттай сайхан тоглолоо.
-Ойрын өдрүүдэд цогцолбор маань бүжигчдийн дасгал сургуулилт ихтэй байна уу даа?
-Дөрөв, тавдугаар сар бол Орхон аймаг, Эрдэнэт хотын хувьд уламжлалт бүжгийн урлагаар амьсгалдаг үе. Саяхан “Эрдэнэтийн бал”-ын 26 дахь удаагийн наадмын сургуулилт эхэлсэн. Үйлдвэрийн газрын ажилтнууд бэлтгэлдээ орсон. Бүжгийн наадам энэ сарын 16-ныг хүртэл үргэлжилж, Гала тоглолтоор өндөрлөнө.
Мөн энэ сард бид уламжлалт “Ялалтын баяр”-аа цаг үеийн байдалтай уялдуулан тэмдэглэнэ. Энэ үйл ажиллагааг Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байгаа гадаадын мэргэжилтнүүддээ зориулж, цэрэг дайны сэдэвтэй гэхээсээ илүү, энх тайван, эв найрамдал, эх орон, хайр сэтгэл гэсэн сэдэв агуулгын хүрээнд явуулах юм. Дуу бүжгийн Эрдэнэт чуулга Хүндэтгэлийн концерт тоглоно. Соёл чөлөөт цагийн секторынхон бүтцийн нэгжийн арга зүйч нартай хамтран “Мы одна большая семья” өдөрлөг зохион байгуулах юм. Өдөрлөг, Хүндэтгэлийн концерт 5-р сарын 9-нд Соёл урлагийн цогцолборын их танхимд болно.
-Уул уурхайн салбарын 100 жилийн ойн урлагийн наадамд манайхан хэрхэн оролцох вэ?
-Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны сайдын тушаалын дагуу “Зуун дамжсан уурхайчдын түүчээ” урлагийн их наадам зохион байгуулахаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа. Манайх соёл, урлаг хавсарсан үйл ажиллагаа явуулдаг онцлогтой учраас энэхүү урлагийн их наадамд үлгэр жишээч байдлаар оролцох зорилт тавиад бэлтгэл ажилдаа орсон. Бусад уурхайн оролцогчидтой адил урлагийн мэргэжлийн бус уурхайчин авьяастнууд маань оролцох юм.
-Шинээр нээгдсэн дижитал музей үзэгч ихтэй байна уу?
-Ерөнхий захирал Х.Бадамсүрэнгийн санаачилгаар 2018 онд музейн бүтээн байгуулалтын ажил эхэлсэн. Ингээд өнгөрсөн оны 9-р сарын 23-нд Эрдэнэт үйлдвэрийн дижитал музей ашиглалтад орсон ч цар тахлын улмаас байнгын ажиллагаатай байж чадсангүй, харин 3-р сарын нэгнээс тасралтгүй ажиллаж байна. Сард гадаад, дотоодын 200-300 орчим хүн манай музейгээр зочилж байна. Үзэгчдийн цөөнгүй хувийг хүүхэд багачууд эзэлдэг. Гаднын өндөр дээд хэмжээний зочид ирж үзэж байна. Саяхан Бүгд найрамдах Чех Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ян Вытопил үзэж сонирхсон. Тэрээр Эрдэнэтийн орд газрыг хайж, нээлцсэн геологичдын нутгийн хүний хувьд тухайн үеийн үйл явдал, түүх үүх хуучилж, халуун дотно яриа өрнүүлээд явсан. Мөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны сайд, УИХ-ын гишүүд зэрэг төрийн өндөр дээд албаны зочид манай музейг үзэж сонирхож байна. Музей анх байгуулагдсан гэдгээрээ цаашид засаж, залруулах, нэмж хийх ажил бий. Монгол Улсын тусгай зөвшөөрөл авах, мөн тусдаа журамтай байх ёстой. Энэ чиглэлд бид ажиллаж байна.
-Хүүхдийн авьяас чадварыг хөгжүүлэх дугуйлангууд үр дүнгээ хэрхэн өгч байна вэ?
-Соёл урлагийн цогцолборт Морин хуур, ятга, төгөлдөр хуур, сонгодог бүжиг, спорт бүжиг, ардын бүжиг, уран зураг, хувцас загвар, драмын гээд есөн төрлийн 13 дугуйланд 120 орчим хүүхэд хичээллэж байна. Хэдийгээр цар тахалтай байсан ч онлайн орчинд сургалт явуулж, уралдаанд оролцож байгаа. Саяхан төгөлдөр хуурын олон улсын уралдаанд Жигдэн, Рогмаа, Далайцэцэг багшийн удирдсан хүүхдүүд амжилттай оролцож, дээгүүр байр эзэлсэн.
Соёл, урлагийн цогцолбор дээр хичээллэдэг дугуйлангуудын сурагчдын жилийн турш сурсан, авьяасаа хэрхэн хөгжүүлснээ тайлагнах “Сурснаа толилуулъя” тоглолтыг зөвхөн сурагчид төдийгүй багш нар оролцсон баялаг сайхан тоглолт болдог. Эх үрсийн баярын өдөр үзэгч хүүхдүүд, эцэг эхчүүд, дуу хөгжим, бүжиг, театрын урлаг, хөгжмийн болон тайзны урлагт дур сонирхолтой хүүхэд багачуудад зориулан сурснаа тайлагнадаг уламжлалтай. Дуу бүжгийн Эрдэнэт чуулгын мэргэжлийн уран бүтээлчид дугуйланд багшилдаг. Хүүхдүүдээ дадлагажуулах зорилгоор соёл урлагийн зарим үйл ажиллагаандаа тэднийг туслан оролцуулдаг, тэд ч үүнд их идэвхтэй, сонирхолтой хамрагддаг. Манай дугуйлангийн хүүхдүүдээс урлагийн мэргэжил сонгож, жил бүр Соёл урлагийн их сургуульд элсэн ордог. Дуу драмын Энхсайхан багшийн дугуйлангийн хэд хэдэн хүүхэд энэ жил уг сургуульд элсэх бэлтгэлээ хангаж байгаа.
-Энэ онд хийхээр төлөвлөж байгаа соёл урлагийн шинэлэг ажлынхаа талаар ярина уу?
-Бид үйлдвэрийн газрын зардал бууруулах, орлого нэмэгдүүлэх хөтөлбөрийн хүрээнд бодлого төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна. Дуу бүжгийн Эрдэнэт чуулга манай цогцолбор дээр үйл ажиллагаа явуулаад олон жилийн нүүр үзэж байна. Эдгээр уран бүтээлчдийн уран бүтээлийн чанар чансааг сайжруулах, тэднийг хөгжүүлэх, гадаад дотоодын уралдаан тэмцээнд оролцуулах, олон нийтэд сурталчилж таниулах, урлагийн тоглолт уран бүтээлүүдийг зах зээлийн эргэлтэд оруулах гэх зэрэг нь бидний томоохон зорилтын нэг. Соёл урлагийн цогцолборын дэргэдэх Дуу бүжгийн “Эрдэнэт” чуулга орлогын төлөвлөгөөтэй. Үүнийгээ биелүүлэх, уран бүтээлээ сурталчлах, олон нийтэд хүргэх чиглэлээр урлагийн тоглолтын багцууд гаргаж ажиллах төлөвлөгөө гаргалаа. Жишээ нь, сонгодог урлаг сонирхогчдод зориулсан багц. Үүнийг аж ахуйн нэгж байгууллага, хувь хүн, албан байгууллагад танилцуулж санал тавина. Ингээд гэрээ байгуулж, байгууллага, хамт олон, найз нөхөд нийгэм рүү чиглэсэн жижиг хэлбэрийн арилжааны тоглолтууд хийх юм. Заавал танхим дүүрэн хүн цугласан хэвшмэл тоглолт хийх биш, хүмүүсийн хүсэл сонирхолд нийцсэн тоглолт хийхээр зорьж байна. Маш чанартай, өндөр ур чадвартай уран бүтээлчид оролцсон тоглолт хийнэ.
-Та үзэгч, соёл урлагаар хичээллэгчдэд хандаж юу хэлэх вэ?
-Соёл урлагаар хичээллэдэг сонирхдог, дуу хөгжимд дуртай үйлдвэрийнхээ мянга мянган уурхайчид та бүхэнд болон гэр бүлд тань Соёл урлагийн цогцолборын уран бүтээлчид нийт ажилтнуудынхаа өмнөөс эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье. Урлаг соёлоор байнга хичээллэж, үзвэр үзэж, амьдралаа улам сонирхолтой болгож, соёлтой сайхан ажиллаж, амьдраарай гэж уриалъя.
-
Уржигдар 16 цаг 43 мин
-
Уржигдар 14 цаг 57 мин
-
Уржигдар 14 цаг 50 мин
-
Уржигдар 14 цаг 48 мин
-
Уржигдар 14 цаг 41 мин
-
Уржигдар 14 цаг 09 мин
-
Уржигдар 13 цаг 18 мин
-
Уржигдар 09 цаг 52 мин
-
2024-11-05
-
Уржигдар 09 цаг 52 мин