БНХАУ-ын Алтай аймаг болон Баян-Өлгий аймгийн удирдлагууд цахим уулзалт хийлээ
Үйл явдал
/
2022-11-05

Ковидын өмнөх хоёр улсын найрсаг харилцааг сэргээх худалдаа үйлдвэрлэл, хилийн боомттой холбоотой асуудлыг хэлэлцэх болон цаашид тодорхой чиглэлээр хамтран ажиллах, санал бодол солилцох зорилготой  БНХАУ-ын Алтай аймаг болон манай аймгийн удирдлагуудтай цахим уулзалт зохион байгууллаа.

Уулзалтад аймгийн Засаг дарга Д.Бауыржан, Засаг даргын орлогч Х.Арман аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Мухамед, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Д.Ербол,  Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Х.Анар, 0165 ангийн захирагч, хурандаа Р.Эрдэнэтогтох, Гаалийн газрын орлогч дарга Ж.Уламбаяр, Өлгий сумын Засаг даргын орлогч Х.Нурболат, Сагсай сумын Засаг дарга А.Исатай, Хятадын талаас Алтай аймгийн Засаг дарга Женис Хадис,  Ерөнхий нарийн бичгийн дарга Азат Далел,  Худалдааны тэнхэмийн дарга Эркин Дуйсэн, Захиргааны гадаад хэргийн хэлтсийн дарга Лю Гань, Улаан уул боомтын зөвлөлийн дарга Жоу Чунфэн, Гаалийн газрын дарга Хуан чүн, Уулан уул боомтын Хилийн орц, гарцын шалган нэвтрүүлэх хэсгийн дарга Ли Жүнь фэн, Алтай хотын дарга Жэнисбек Хурман болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Цахим уулзалтын эхэнд  хоёр аймгийн Засаг дарга нар харилцан мэндчилж, орон нутгийн талаар товч мэдээлэл хүргэж уулзалтад оролцогчдыг танилцуулав.  Алтай аймгийн Засаг дарга Женис Хадис “Өнгөрсөн есдүгээр сарын 15-нд БНХАУ–ын төрийн тэргүүн Ши Жиньпин Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын тэргүүн нарын зөвлөлийн 22 дугаар хурлын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай Хятад Монгол Орос гурван улсын төрийн тэргүүн нарын зургаа дахь уулзалтад оролцож, Хөрш зэргэлдээ бүс нутгийн эдийн засаг, худалдаа, хүмүүнлэг, аялал жуулчлал зэрэг салбарт хөршийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, Хятад Монгол Оросын эдийн засгийн коридорыг байгуулах тухай зөвшилцлийг хэрэгжүүлэх санал дэвшүүлсэн. Энэ хүрээнд Алтай болон Баян-Өлгий аймгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, Хятад Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэхэд хоёр аймаг эерэг хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна.” гэв.

Уулзалтын үеэр Засаг дарга нар хоёр аймгийн найрсаг харилцаа болон хамтын ажиллагааны түүхийг дүгнэн ярилцаж, цаашид худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлж, шинэ сэргээлтийн бодлогын хүрээнд Хуншаньзуй-Даянгийн боомтын үйл ажиллагааг идэвхжүүлэх, хилийн боомтын нөхцөл байдал, нөөц бололцоо, боломжийн талаар болон тээвэр, логистикийг талаар санал солилцож, цаашид тодорхой чиглэлээр хамтран ажиллах талаар санал бодлоо илэрхийлж, хоёр аймгийн хөгжил цэцэглэлийн төлөө идэвхтэй хамтран ажиллахаар санал нэгдлээ.

Мөн талууд энэхүү уулзалтын үеэр гарсан саналуудыг хоёр улсын засгийн газрын түвшинд танилцуулахаар болж, хоёр аймгийн Засаг дарга нар цаашид ч холбоотой байж, хоёр талын тааламжтай үед биечлэн уулзахын ерөөл дэвшүүлснээр цахим хурал өндөрлөв.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.12.136.186)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.