Туул голын сав газрын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, цаашид авах арга хэмжээ олон талт хэлэлцүүлэг болж байна
Үйл явдал
/
2022-11-06
Туул голын сав газрын эргэн тойронд үүсээд буй тулгамдсан асуудлыг шат дараатай шийдвэрлэх зорилгоор зохион байгуулагдаж буй хэлэлцүүлэгт Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, ЗГХГ-ын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын дарга Ш.Мягмар, усны салбарын төрийн шат шатны байгууллагууд, НЗДТГ, нийслэлийн БОАЖГ, харьяа дүүргийн газар, хэлтэс, Экологийн цагдаагийн алба, МХЕГ, Монголын Байгаль Орчноо Хамгаалах Иргэний Зөвлөл, төрийн бус байгууллага, иргэд, олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл оролцож, байр сууриа илэрхийлэхийн зэрэгцээ үүсээд буй асуудлыг шийдвэрлэх гарц, шийдлийн талаар хэлэлцэж байна
 
Хэлэлцүүлгийн эхэнд ЗГХЭГ-ын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, БОАЖЯ-ны харьяа Туул голын сав газрын захиргаанаас Туул голын өнөөгийн нөхцөл байдал, үүсээд буй асуудал болон улсын хэмжээнд усны салбарт авч хэрэгжүүлж буй төрийн бодлого, шийдвэр, авч хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл, танилцуулга хийснээр хэлэлцүүлэг эхэллээ.
 
Туул голын сав газар нь Монгол Улсын таван аймгийн 37 сум, Улаанбаатар хотын долоон дүүргийн нутаг дэвсгэрийг хамран нийтдээ 49 мянга 774.3 км2 талбайг эзэлдэг төдийгүй Туул голын сав газарт Улаанбаатар хотын эдэлбэр газрын 65.5 хувь, Төв аймгийн газар нутгийн 39.8 хувь, Булган аймгийн 20.8 хувь, Өвөрхангай аймгийн 6.0 хувь, Архангай аймгийн 4.4 хувь, Сэлэнгэ аймгийн 2.2 хувь нь хамардаг байна.
Хэлэлцүүлэгт оролцогч иргэдийн төлөөлөл, иргэний нийгмийн байгууллагаас тавьж байсан саналаас дурдвал, Туул голын эрэг дагуу олгогдсон газар, түүнийг дагасан барилгажилтаас үүдэлтэй байгаль орчин, хөрсний бохирдол хүний эрүүл мэндэд хэрхэн сөргөөр нөлөөлж буй асуудлыг хөндөж байснаас гадна Туул голын усны чанар, бохирдлын үзүүлэлт өнөөдрийн байдлаар ямар төвшинд хүрч байгааг олон нийтэд нээлттэй мэдээлж, хяналтын чиг үүрэг бүхий төрийн байгууллагууд ажлын уялдаа холбоотой ажиллаж, нийслэлчүүдийн ундны усны эх үүсвэрийг хамгаалах шаардлагатай байгааг хэлж байлаа. Мөн өнөөдрөөс 30 жилийн өмнө ярьж байсан Туул голын асуудал өнөөдөр ч хэвээрээ байгаад оролцогчид шүүмжлэлтэй хандахын зэрэгцээ ирээдүйд нийслэлчүүдийн эрүүл мэндэд заналхийлэх хэмжээнд хүрэх вий гэдэг айдастай байгаагаа ч нуулгүй хэлж, яаралтай арга хэмжээ авч, шийдвэртэй алхам хийх цаг болсон гэдгийг хэлэлцүүлэгт оролцогч талуудад сануулж байлаа.
Өнөөдрийн хэлэлцүүлгээс Туул голын өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх чиглэлээр цаашид авах арга хэмжээнд оролцогч талуудын санал, дүгнэлтийг тусган шийдвэртэй алхам хийх, өөрөөр хэлбэл Монгол Улсын 1,7 сая иргэний ундны усны эх үүсвэрийг хамгаалахад бодлогын хэмжээнд тусгаж, ажил хэрэг болгоно гэдгийг салбарын сайд онцлон тэмдэглэв.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.21.46.78)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.