Оросын геологичид Эрдэнэтийн дүүрэгт хүдрийн илрэл судалж байна
Үйл явдал
/
2022-10-31

 ОХУ-ын төрийн өмчит “Росгеология”, “Зарубежгеологи” компанийн мэргэжилтнүүд Эрдэнэтийн дүүрэгт хүдрийн илрэл судлах хайгуулын ажлыг гурван сар гүйцэтгээд өнгөрсөн пүрэв гарагт урьдчилсан тайлангаа тавилаа. Хужирын болон Могойн гол орчим хийгдсэн энэхүү судалгааны ажил гурав дахь жилдээ үргэлжилж байгаа бөгөөд эхний үр дүнгээр энд зэс, алт, мөнгө байгааг тогтоожээ. Цаашид энэ газар орд болох боломжтой гэж мэргэжилтнүүд үзэж байна. 

Хоёр улсын Төрийн тэргүүнүүдийн уулзалтын үеэр Засгийн газрын түвшинд анх яригдсан энэхүү ажил үр дүнтэй үргэлжилж байгаад Эрдэнэт үйлдвэрийн холбогдох мэргэжилтнүүд баяртай байгаагаа тайлангийн үеэр илэрхийлсэн. Оны эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д ажлын айлчлал хийх үеэрээ газрын ховор металлын ордын хайгуулын чиглэлээр хамтын ажиллагаа үргэлжлүүлнэ, гэдгээ “Россия-24” телевизэд өгсөн ярилцлагаараа мэдэгдсэн юм.

ОХУ-ын геологичид Эрдэнэтийн дүүргийн найман км урт, таван км өргөн талбайд судалгаа хийж, таван төрлийн илрэл ялгажээ. Тэд эндээс авсан дээжүүдийг Улаанбаатар хотын лабораторид шинжлүүлсэн бол чулуун дээжүүдээ ОХУ-ын Новосибирскийн лабораторид шинжлүүлэхээр авч явж байна. Ажлын хэсэг завсрын тайлангаа оны сүүлээр тавьж үр дүнгээ баталгаажуулах юм. Харин эцсийн шатны тайлан 2023 оны нэгдүгээр улиралд багтаж гарна, гэж “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Геологи хайгуулын экспедицийн дарга М.Дамдинсүрэн ярилаа.  

Сэтгэгдэл:
Таны IP: (18.220.181.186)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.