Монгол, Нидерланд улсын ажил олгогчдын холбооны төлөөлөгчид Эрдэнэт үйлдвэрт зочиллоо
Үйл явдал
/
2022-11-01

Монгол улс болон Нидерланд улсын ажил олгогчдын нэгдсэн холбоо, хамтын ажиллагааны хөтөлбөрийн төлөөлөгчид Эрдэнэт үйлдвэрт ажиллалаа. Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны Гүйцэтгэх захирал Х.Ганбаатар, тус холбооны дэргэдэх Ажил мэргэжлийн стандарт боловсруулах төвийн захирал Г.Амгалан болон Нидерланд улсын ажил олгогчдын хамтын ажиллагааны хөтөлбөрийн Монгол улсыг хариуцсан менежер Мартини Робертз, тус хөтөлбөрийн дэд захирал Жозефус Ван Эрп нарын бүрэлдэхүүнтэй мэргэжлийн багийнхан өнөөдөр Эрдэнэт үйлдвэрт зочилж, Ил уурхай, Баяжуулах үйлдвэр, Засвар механикийн завод зэрэг үйлдвэрлэлийн үндсэн цехүүд, “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Гагнуурын сургалтын төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Төлөөлөгчдийг Хүний нөөц, захиргааны хэлтсийн ажилтнууд дагалдаж, мэдээлэл танилцуулга хийв. Өнгөрсөн жил Эрдэнэт үйлдвэрийн Хүний нөөц, захиргааны хэлтсийн мэргэжилтнүүд үйлдвэрийн газрын нийт 1580 ажил мэргэжилд чадамжийн стандарт боловсруулсан юм.

Ингэснээр чадамжийн стандарт боловсруулах болон тэдгээрийг үнэлж, шинжлэх мэргэжлийн багтай болсон байна. Эл багийн ажилтай танилцахын зэрэгцээ нэмэлт зааварчилгаа, зөвлөгөө өгч, чадамжийн стандартаа ажил мэргэжлийн стандарт болгоход нь Нидерланд улсын туршлагаас тусгах, цаашид хамтран ажиллах зорилготой байгаагаа Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны Гүйцэтгэх захирал Х.Ганбаатар энэ үеэр онцоллоо. Ажлын багийнхан Чадамжийн стандартын боловсруулалт, үйл явц болон тус үйлдвэрт ажлын байран дахь ажилтнуудын мэргэжил, чадварын түвшин, гүйцэтгэл нь стандартын шалгуурыг хангаж буй эсэхэд тодорхой мэргэжлийн зөвлөгөө өгч байна. Нөгөө талаас шинээр мөрдөж эхэлсэн Хөдөлмөрийн тухай шинэ хуулийн 17-р зүйлд заасан ажилтны ур чадвар, чадамж, мэргэжлийн түвшнийг ажил мэргэжлийн стандартад суурилж тогтоох, уг стандартын хэмжүүрээр ажилтны чадвар, гүйцэтгэлийг үнэлэх тухай заалтын хэрэгжилт, үүнийг ажил мэргэжлийн стандарт болгохдоо юуг чухалчлах болон анхаарах талаар мэргэжлийн зөвлөмж өгөхөөр ажиллаж байгаа юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.146.37.250)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.