Сонгинохайрхан дүүрэг хориглосон бүсэд мал аж ахуй эрхлэгчдийг тойрсон хэд, хэдэн асуудлыг хэлэлцлээ
Үйл явдал
/
2022-11-08
Мал амьтны шилжилт хөдөлгөөн, гадны тор нүүдэл, зөвшөөрөлгүй малын худалдаа эрхэлж байгаа иргэдэд хяналт тавих ажлын хүрээнд өнөөдөр засаг даргын орлогч Д.Ундармаагаар ахлуулсан төлөөллүүд хуралдлаа.
Тодруулбал, мал амьтны аж ахуй эрхлэх зөвшөөрөлгүй бүсүүдэд үүссэн мал аж ахуй эрхлэгчидтэй холбоотой асуудлуудыг хэлэлцэв.
Сонгинохайрхан дүүрэг нь 43 хороотой бөгөөд тус хороодоос 21-р хороо Жаргалант тосгон нь эрчимжсэн мал аж ахуй эрхлэх зөвшөөрөлтэй бүс юм. Харин мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд багтах 32, 33, 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт мал аж ахуй эрхэлдэг иргэд болон тус хороодод өвөлжилт, отор зэргээс шалтгаалан урт хөлийн мал орж ирэх зэрэг асуудлууд багагүй байна. Хуралд Нийслэлийн мал эмнэлгийн газар, Дүүрэг дэх цагдаагийн газар, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Хууль эрх зүйн хэлтэс, Хөдөө аж ахуйн тасаг, Газар зохион байгуулалтын 1, 2 дугаар албаны дарга болон 21, 32, 33, 34-р хорооны засаг дарга нар оролцлоо.
Хурлын үеэр хороодын засаг дарга нар болон холбогдох удирдлагууд зөвшөөрөөгүй бүсэд эрчимжсэн болон гахай зэрэг амьтдыг тэжээдэг иргэдийн ахуйн орчин нөхцөл, иргэдээс ирдэг гомдол санал, малын хөлийн татвар, 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт нэвтрэн орж ирж мал худалдаалж байгаа иргэдэд хяналт тавих, гадны аймаг сумаас дүүргийн мал бүхий хороодын нутаг дэвсгэрт малтай орж ирсэн малчид, малын шилжилт хөдөлгөөн, отор нүүдэл, амьтны гоц халдварт өвчин гарах эрсдэл зэрэг асуудлуудыг хөндөн, хэлэлцлээ.
Хурлын үр дүнд мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд мал малладаг иргэд болон тэдгээрээс үүдэлтэй салбар бүрд тулгардаг нийтлэг асуудлуудыг судалгаагаар нэгтгэн албан бичиг боловсруулж хотын дарга болон НИТХ, Нийслэлийн мал эмнэлгийн газарт хүргүүлэхээр боллоо.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.227.52.7)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.