Ө.Сумъяабаатар: Халтиргаа гулгаанаас сэргийлэхийн тулд гэр хорооллын бүсэд давс, бодисын нөөцөө сайн бүрдүүлээрэй
Үйл явдал
/
2022-11-08

Баянгол дүүргийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр /2022.11.02/ боллоо. Шуурхай зөвлөгөөнийг дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар удирдан явуулсан бөгөөд зөвлөгөөний эхэнд өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөр нийслэл, дүүргийн Засаг даргын өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцууллаа. Мөн дүүргийн Татварын хэлтэс болон Эрүүл мэндийн төв, Биеийн тамир спортын хорооноос цаг үеийн мэдээллийг дүүргийн Удирдах ажилтнуудад өглөө. 

700

Татварын хэлтсийн дарга М.Ганжигүүр дүүргийн 10 дугаар сарын татварын орлогын төлөвлөгөөний биелэлт, орлогын тасалдал мөн гүйцэтгэлийг хэрхэн хангаж ажиллаж байгаа талаар товчхон мэдээлэл өглөө. Ингэхдээ тэрбээр “Татварын хэлтсээс 10 дугаар сарын татварын орлогыг бүрдүүлэхээр төлөвлөгөөний дагуу ажилласан. Улмаар 10 дугаар сарын татвар бүрдүүлэлт 31-ний өдрийн байдлаар 97 хувьтай байна. Тасарсан төсвийн тухайд тодорхой шалтгаануудаас үүдэлтэй. Хэдий тийм ч бид 11 дүгээр сард дүүргийн төсвийг бүрдүүлэхээр ерөнхий төлөвлөгөөний дагуу холбогдох арга хэмжээг авч ажиллаж байгаа. Тухайлбал, татварын бааз суурийг нэмэгдүүлэх төлөвлөгөөний хүрээнд хороодод үл хөдлөх хөрөнгө болон оффисын бүртгэлийг хийж эхэлсэн. Дээрх арга хэмжээний хүрээнд 20 дугаар хороонд гэхэд 22 үл хөдлөх хөрөнгийг шинээр бүртгэж, үнэлгээтэй холбоотой бүртгэлийн үйл ажиллагааг явуулж байгаа бол 80 гаруй объектын үнэлгээг шинэчлэн бүртгэхээр боллоо. Түүнчлэн энэ сард бид дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний газруудад хяналт тавьж ажиллана” гэсэн юм. Энэ үеэр дүүргийн Засаг дарга дүүргийн татварын орлогыг биелүүлэхийг Татварын хэлтсийн хамт олон сайн ажиллаж байгааг онцлоод харьяа хэлтэс, хороодтой хамтран холбогдох арга хэмжээг авч хуулийн дагуу ажиллаарай гэсэн юм. 

Шуурхай зөвлөгөөний үеэр дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар үндсэн болон харьяа хэлтсүүд өнгөрсөн Шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврын биелэлт дутуу байгаа бол анхаарал тавьж ажиллаарай. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд өнгөрсөн ням гарагт Улаанбаатар хотод их хэмжээний цас орж, халтиргаа гулгаа үүсэх нөхцөл байдал бий болсон. Энэ үеэр дүүргийн Онцгой комисс шуурхай хуралдаж холбогдох арга хэмжээг яаралтай авч ажиллалаа. “Баянгол шинэ Өргөө” ОНӨААТҮГ нь үйл ажиллагааны чиглэлийнхээ хүрээнд хариуцсан хэсгийн авто замуудад халтиргаа гулгаа үүсэх, хөдөлгөөний аюулгүй байдал алдагдах, зам тээврийн осол аваар гарах, явган зорчигч халтирч гэмтэх зэрэг болзошгүй аюулаас сэргийлэн давс, бодис цацсан. Зам талбайн бригадууд болон тохижилтын ажилтан, албан хаагчид маань сайн ажиллалаа. Манай дүүргийн гэр хорооллууд өндөрлөг газар байрладаг учраас замын халтиргаа гулгаанаас сэргийлэхийн тулд  гэр хорооллын бүсэд давс, бодисын нөөцөө сайн бүрдүүлээрэй. Түүчнлэн сайжруулсан түлш борлуулах цэгүүдийн үйл ажиллагаанд хяналт тавих, угаарын хийнээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд холбогдох арга хэмжээг авч ажиллаарай” гэсэн.

Мөн сая орсон цаснаар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа байгаа ААН-үүд орчны 50 метр газрынхаа цас мөсийг сайн цэвэрлэхгүй байгаа нь ажиглагдсан. Иймд холбогдох хэлтсүүд хамтарч ААН-үүдэд энэ талаарх мэдээлэл өгч, шаардлага хүргүүлж ажиллахыг онцолж байв. Дараа нь Нийслэлийн шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврыг нийт удирдах ажилтнуудад танилцуулж, дараах үүрэг даалгаврыг өглөө. Үүнд:

  • Дүүргийн 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг боловсруулах
  • Дүүргийн 2023 оны төсвийн төслийг боловсруулах
  • Дүүргийн хэмжээнд ногоон байгууламж болон дугуйн зам тавих байршлуудын судалгааг гаргаж өгөх
  • Эзэнгүй нохой, муурны устгалыг зохион байгуулах
  • Илүүдэл жингүй эртэч монгол аяныг зохион эхлүүлэх. 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.147.77)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.