Амралтын хуудсаа цахимаар цохуулна
Үйл явдал
/
2022-11-10

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хүний нөөц, захиргааны хэлтсээс санаачлан ажилтны ээлжийн амралтын хуудсыг цахимжуулах төсөл хэрэгжүүлэн 11 дүгээр сарын нэгнээс туршиж эхэллээ.


 Бүтцийн нэгжийн хүний нөөцийн мэргэжилтнүүд ажилтнуудын амралтын төлөвлөгөөг өмнөх жил нь гаргаж, программд бүртгэдэг. Амралтын батлагдсан төлөвлөгөө хүний нөөцийн программд орсноор Эрдэнэт үйлдвэрийн ажилтан ээлжийн амралтаа авахдаа цахимаар шийдвэрлүүлэх боломжтой боллоо.   Ингэхийн тулд ажилтан HR.ERDENETMC.MN сайт руу өөрийн бүртгэлийн дугаараар нэвтрэн орж, гар утсанд тань мессежээр ирсэн баталгаажуулах кодыг хийж, зөвшөөрөл өгснөөр хүний нөөцийн программыг ашиглан, ээлжийн амралтын хүсэлтээ илгээх боломжтой. 


Ажилтны цахимаар илгээсэн хүсэлт хүний нөөцийн мэргэжилтэнд тэр даруйдаа ирнэ. Хүний нөөцийн мэргэжилтэн амралтын хуудсыг баталгаажуулах удирдах ажилтныг сонгож, илгээснээр шат, шатандаа цахимаар зөвшөөрөл олгоно. Ингээд, тухайн ажилтны амралтын мэдээллийг хөдөлмөрийн эдийн засагч бүртгэн авч, тооцоолол хийх нягтлан бодогч руу илгээснээр ээлжийн амралтаа “хөөцөлдөх” ажил дуусах юм.
Өмнө нь уламжлалт аргаар буюу ажилтан хүсэлтээ гарган анхан шатны удирдлагаар цохуулан, хүний нөөцийн мэргэжилтэнд өгч, амралтын хуудсыг хэвлүүлдэг. Ингээд хуудас цаас барин шат, шатны удирдах ажилтан дээр очиж, гарын үсэг зуруулж, эцэст нь нягтлан бодогчид аваачиж өгснөөр тооцоолол хийгдэж, ээлжийн амралт олгогддог байсан. Ажилтан бүр амралтын хуудсаа цохуулахын тулд дунджаар дөрвөн цаг зарцуулдаг гэсэн судалгаа бий. Тэгвэл уг цахим төслийг хэрэгжүүлснээр ажилтан бүр ээлжийн амралтаа тооцуулан авах ажилд тавхан минут зарцуулж, хэмнэсэн цаг хугацаагаа бусад ажилдаа зориулснаар хүний нөөц, хөдөлмөрийн харилцаанд шуурхай байдал дээшилж, бүтээмж, сэтгэл ханамж нэмэгдэх таатай нөхцөлийг бүрдүүлжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.198.81)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.