Эрдэнэт үйлдвэр Чанарын бодлогоо баталлаа
Үйл явдал
/
2022-11-10

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үйл ажиллагаанд хэрэгжиж буй Олон улсын Чанарын менежментийн тогтолцооны  ISO 9001:2015 стандарт нутагшуулах төслийн хүрээнд уг тогтолцооны дээд удирдлагын сургалт, хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. Сургалт, хэлэлцүүлэгт Эрдэнэт үйлдвэрийн дээд шатны удирдлагууд болон 44 бүтцийн нэгжийн удирдлага оролцож, тус үйлдвэрт хийгдсэн Зөрүүний шинжилгээний талаарх товч мэдээлэл, Чанар, чанарын удирдлагын тогтолцооны суурь ойлголт, Дээд удирдлагын оролцоо, манлайлал болон стандартын тайлбаруудаар сургалт, илтгэл сонсов. Мөн Эрдэнэт үйлдвэрийн чанарын менежментийн тогтолцооны хамрах хүрээний төсөл, тус үйлдвэрийн чанарын бодлогын төсөл, Дээд удирдлагын чанарын амлалтын тунхаг бичгийн төслүүдийг тус тус хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн үр дүнд чанарын бодлогын баримт бичгүүдийг боловсруулан, Үйлдвэрийн газрын дээд удирдлага болон бүтцийн нэгжийн удирдлагууд гарын үсэг зурж, баталгаажууллаа. Ингэснээр, Эрдэнэт үйлдвэр Чанарын менежментийн тогтолцооны олон улсын стандарт нэвтрүүлж дууссаны дараа үйл ажиллагаандаа нутагшуулж, цаашид баримтлах чанарын бодлоготой болж байна. 

Энэ оны 3 сараас Эрдэнэт үйлдвэрт хэрэгжиж эхлээд буй тус стандартыг “OB Serve” Зөвлөх үйлчилгээний байгууллага хамтран нэвтрүүлж байгаа юм. Эл чанарын стандартын төслийн чухал хэсэг болох дээд удирдлагын түвшний манлайлал, оролцоо, дэмжлэгийг шаарддаг хэсгүүд дэх сургалтыг тус Зөвлөх үйлчилгээний байгууллага зохион байгуулав. 

Хэлэлцүүлгийн үеэр тус компанийн Гүйцэтгэх захирал Г.Отгонбат “Чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэх нь зөвхөн Эрдэнэт үйлдвэрийн асуудал биш юм. Учир нь, тус үйлдвэр улсынхаа нийгэм, эдийн засагт том нөлөө үзүүлдэг, байр суурь, хамтын ажиллагаагаараа өргөн хүрээнд ажилладаг. Энэ царааг нь харахад, Эрдэнэт үйлдвэрт Чанарын менежментийн тогтолцоо хэрэгжсэнээр бусад харилцан хамтран ажилладаг байгууллагууд, ижил төстэй үйлдвэрийн газруудад үлгэр жишээ болох, суралцах, харьцуулах зэргээр олон туршлага, мэдээллийг өгөх боломжтой болно” гэж сургалт, хэлэлцүүлгийн зорилгыг онцолсон. 
Өнөөдрийн байдлаар, улсын хэмжээнд Чанарын менежментийн тогтолцоог үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн 300-аад байгууллага байдаг. Эдгээрийн 120 гаруй аж ахуйн нэгж,  байгууллага дээр “OB Serve” компани хамтарч ажилласан туршлагатай аж.  

Сэтгэгдэл:
Таны IP: (3.12.123.189)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.