Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар 2023, 2024, 2025 оныг "Монголд Зочлох жил" болгон албан ёсоор зарлалаа
Үйл явдал
/
2022-11-11
Монголд зочлох жилийг зарлахтай холбогдуулан Засгийн газар аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарын мэргэжлийн байгууллагуудтай төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд судалгаа шинжилгээний ажлуудыг хамтран гүйцэтгэж байгаа бөгөөд Засгийн газрын гишүүд дэд ажлын хэсгүүдийг ахлан, аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлж байна.
Энэ талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ:
“Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн “Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хороо” нь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд ажиллаж байна.
Өнгөрөгч даваа гарагт хуралдсан Үндэсний хорооны хуралдаанаас аялал жуулчлалыг хөгжүүлэх зургаан дэд ажлын хэсгийг гаргасан. Тухайлбал, Аялал жуулчлалын тухай хуулийг 2023 оны 1-р сарын 1-нээс өмнө шинэчлэн батлах ажлын хэсгийг Монгол Улсын Шадар сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан ахалж байна. Мөн Агаарын тээврийн либералчлал, Аялал жуулчлалын цахим шилжилт, Аялал жуулчлалын стандарт, Олон улсад зарлах эвент, арга хэмжээний календар гаргах дэд ажлын хэсгүүдийг гаргасанАялал жуулчлалын бренд, уриа үг, коммуникацийн ажлын хэсгийг Соёлын сайд Ч.Номин ахалж байна. 2023-2025 онуудад жуулчдын тоог нэмэх тооцоо судалгааг гаргасан” гэлээ.
Соёлын сайд Ч.Номин:
Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулах соёлын аялал жуулчлал болон аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээ, эвент арга хэмжээг тодорхойлох үндсэн чиглэлтэйгээр дэд ажлын хэсгийг ахлан ажиллаж байна.
Засгийн газраас 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан Монгол Улсыг олон улсад сурталчлан танилцуулах коммуникацын төлөвлөгөөг төр хувийн хэвшил, мэргэжлийн холбоодын хамтын ажиллагааны хүрээнд боловсруулсан.
Энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд нэн тэргүүнд Монгол Улсыг илэрхийлэх түлхүүр үг, өнгө төрхийг тодорхойлсон. Ингээд “Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хороо”-ны хоёр удаагийн хуралдаанаар “Монголд тавтай морил” буюу “Welcome to Mongolia” гэх илэрхийллийн хүрээнд өнгө төрхөө тодорхойлсон.
Мөн улс орнууд маш олон төрлийн платформоор дамжуулан өөрсдийгөө сурталчлан танилцуулдаг. Бид тэдгээр платформыг ашиглахдаа ямар төрлийн танилцуулга, бичвэр хэрэглэх, Монгол агуулгыг хэрхэн ашиглах вэ гэдгийг судалж, тодорхойлсон. Ингэснээр Гадаад харилцааны яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Соёлын яам нь хувийн хэвшлүүдтэйгээ хамтраад нэг цонхоор, нэг өнгө төрхөөр Монгол Улсыг гадаад орчинд сурталчлан танилцуулах юм.
Хоёрдугаарт, Монгол Улсыг зориод ирсэн жуулчдад зориулсан нэгдсэн календарийг боловсруулж байна. Удахгүй бүрэн хэмжээнд Засгийн газарт танилцуулж, хэлэлцүүлнэ” гэлээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.143.237.136)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.