Механикууд их засварт нөөц сэлбэг ашигласнаар 1.7 тэрбум төгрөг хэмнэжээ
Үйл явдал
/
2022-11-16
Эрдэнэт үйлдвэрийн Механикийн хэлтэс хэмнэлтийн бодлогын хүрээнд санаачилгатай ажиллаж, үр ашигтай шийдлийг зөв зохион байгуулалтаар удирдан хэрэгжүүлснээр үр дүнд хүрсээр байна.

Тухайлбал, 2022 оны технологийн үндсэн төхөөрөмжүүдийн их засварт 51.9 тэрбум төгрөг төлөвлөснөөс гурван их засварт нөөц сэлбэг ашиглахаар зохион байгуулж, худалдан авалтаас 1.7 тэрбум төгрөг хэмнэжээ. Мөн гадны байгууллагаас авах засвар, үйлчилгээний зардлын төлөвлөгөөг нягтлан, дөрвөн ажлыг өөрийн нөөц бололцоогоор гүйцэтгэхээр шийдвэрлэж, худалдан авалтаас 1.1 тэрбум төгрөг хэмнэсэн байна. Түүнээс гадна засварын ажлыг урьдчилан тооцож, бэлтгэл ажлыг ханган ажлын цагийг нягтруулах замаар хөдөлмөр зохион байгуулалт хийж Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсгийн МЩЦ тээрмүүдийн ТУСЗ-ын цагаас 648.5 цаг хэмнэн нэмэлтээр 185 мянган тонн хүдэр боловсруулах боломж бүрдүүлэн ажиллав. Түүнчлэн Ил уурхайн Liebherr R9350 маркийн экскаваторын 11 гидроцилиндр, Баяжуулах үйлдвэрийн Шүүн хатаах хэсгийн шинэ зургаан прессфильтрийн гидроцилиндрүүдийг өндөр өртөгтэй худалдан авахаас татгалзан гаднын байгууллагаар сэргээн засварлуулснаар 1.6 орчим тэрбум төгрөг хэмнэжээ.
Механикийн хэлтэс техник, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний бүртгэл тооцооны программ нэвтрүүлж, үйл ажиллагаандаа хэвшүүлж байна. Ингэснээр засварын зардал буурах, засвар үйлчилгээний ажлуудын үечлэл давтамж тодорхой болох, тэдгээрт шаардагдах сэлбэг материалуудыг бодитоор төлөвлөх, нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бүрдэнэ гэж Төлөвлөлт, мониторингийн албаны дарга Н.Эрдэнээ ярилаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.12.163.175)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.