Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх Эко тохижилт үйлчилгээ ОНӨҮГ-т ажиллалаа
Үйл явдал
/
2022-11-18
Баянзүрх Эко тохижилт үйлчилгээ орон нутгийн өмчит үйлдвэрийн газрыг өнгөрсөн зургадугаар сард ДИТХ-ын тогтоолоор шинэчлэн байгуулсан. Тус байгууллага нь Баянзүрх дүүргийн хэмжээнд туслах авто замуудын цэвэрлэгээ, тохижилт, ногоон байгууламжийг хариуцан ажилладаг. Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх энэ удаа тус байгууллагын авто баазаар зочилж, ажилтан, албан хаагч нартай уулзлаа.
Тус авто бааз нь 2015 онд баригдсан бөгөөд нэгдсэн төвийн шугамд холбогдоогүй учраас уурын зуухаар грашаа халаадаг, ажилчдын усанд орох газар, оффис зэргээ цахилгаанаар халаалтыг нь шийдэж, засварласан талаар Баянзүрх Эко тохижилт үйлчилгээ ОНӨҮГ-ын дарга Ж.Батболд танилцууллаа.
Мөн тэрбээр байгууллагын танилцуулгаа хийж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажлын тайлангаа танилцуулсан юм. Баянзүрх Эко тохижилт үйлчилгээ ОНӨҮГ-ын хамт олон өнгөрсөн зун Жанжин Д.Сүхбаатарын гэрийн буйрны байгууламжийг сэргээн засварлаж, ногоон байгууламж хийсэн нь иргэдээс ихээхэн талархал хүлээсэн. Дүүргийн хэмжээнд эвдэрсэн явган хүний замыг нөхөх, засварлах ажлыг хийж 1247 метр замыг засварлаж аюулгүй орчныг бий болгосон бол дүүргийн хэмжээнд 120 мянга гаруй модыг тарьж иргэдэд ногоон орчныг бүтээж өгсөн гээд багахан хугацаанд олон бүтээн байгуулалтын ажлыг хийснээ танилцууллаа.
Цаашид авто баазын грашид агааржуулалтын ажлыг хийх, техник тоног төхөөрөмжийн баазыг нэмэгдүүлэх шаардлагатай байгаагаа хэлсэн юм.
Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх “Бид ирэх оныг “Хүний хөгжлийн жил” болгон зарлахтай холбоотойгоор та бүхний ажиллах нөхцөл, ахуй хангамжийг сайжруулах чиглэлээр ажиллах болно. Та бүхэн минь дүүргээ хоггүй цэвэр байлгах ажилдаа сэтгэл гаргаж ажиллаж байгаад талархаж байна” хэмээн хэлээд Баянзүрх Эко тохижилт үйлчилгээ ОНӨҮГ-ын дарга Ж.Батболдод ирэх жил ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх шат дараатай төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх үүрэг даалгаврыг өглөө хэмээн Баянзүрх дүүргээс мэдээллээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.68.18)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.