“БИДНИЙ БАХАРХАЛ” төсөл Чингэлтэй дүүрэгт нээлтээ хийлээ
Үйл явдал
/
2022-11-20
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн санаачилсан “Бидний бахархал” төслийн нээлтийг ШШГЕГ-тай хамтран дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штаб Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль дээр зохион байгууллаа.
Энэхүү төслийн зорилго нь ахлах ангийн сурагчдад эх оронч үзлийг төлөвшүүлэх, тусгаар тогтнол, эх хэл, үндэсний түүх, соёлоороо болон Монгол хүн болж төрснөөрөө бахархах итгэл үнэмшлийг төрүүлэх, эрх чөлөөний үнэ цэнэ, ач холбогдлыг таниулахад оршиж байгаа юм.
 
Төслийг нээж Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч Д.Отгонбаатар хэлсэн үгэндээ, “Хүүхэд, залуучуудад эх оронч үзлийг төлөвшүүлэх нь монгол хүнийг хөгжүүлэх, эх оронч ухамсар, хандлагыг бий болгох асуудлын суурь үндэс болдог.
Ингэхийн тулд бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагаа, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө, сурах бичигт эх оронч үзэл, монгол ахуй, өв соёл, зан заншлын агуулга, арга зүйг тусган хэрэгжүүлэх шаардлагатай” хэмээн онцоллоо.
Үүний дараа Монгол Улсын гавьяат багш, доктор, профессор, бэлтгэл хурандаа Б. Галиндэв, ҮБИХС-ын БХЭШХ-ийн Цэргийн түүхийн төвийн дарга Доктор хошууч Т.Сүхбаатар нар эх оронч үзэл, тусгаар тогтнол, эрх чөлөөний талаар лекц уншиж, сурагчдын сонирхсон асуултад хариуллаа.
1939 оны Халхын голын дайнд сувилагчаар оролцсон ахмад дайчин өдгөө 99 настай Ц.Чимэдцэрэн гуай 16 настайдаа өөрийн хүсэлтээр фронт руу явсан тухайгаа ярьж мөн сурагчдын сонирхсон асуултад хариулж байлаа.
Монголын сурагчдын холбооны хүндэт ерөнхийлөгч, ШШГЕГ-ийн Соёмбо чуулгын дарга хошууч Анхбаяр буюу A Cool ая дууны мэндчилгээ дэвшүүлсэн.
Мөн нээлтийн үеэр Монгол Улсын баатрууд, энхийг сахиулах ажиллагаа, цэргийн албаны төрлүүдийг харуулсан үзүүлэн болоод байлдааны техник, хэрэгслийн үзэсгэлэнг дэлгэн харуулсан юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.115.155)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.