БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ БНСУ-ын тогтвортой байдал, байгаль орчны сайд хатагтай Грейс Футэй уулзаж, санал солилцлоо
Үйл явдал
/
2022-11-20
2015 оны Парисын хэлэлцээр буюу дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн тухай эрх зүйн хувьд заавал дагаж мөрдөх анхны хэлэлцээрийн зорилгыг биелүүлэхээр улс орон бүр ажиллаж байна. Монгол Улс ч гэсэн өөрсдийн зорилгоо тодорхойлж, ҮТХНЗ баримт бичгийг гаргасан билээ.
 
Энэ хүрээнд 2030 он гэхэд манай улс хүлэмжийн хийн ялгарлыг 22.7%-иар бууруулах үүрэг, амлалт авсан, түүнд хүрэхийн төлөө шаргуу ажиллаж байна. Ингэхдээ бид тайлагнах үйл явцад хариуцлагатай, ил тод байх зарчмыг баримтлан ажиллаж байна.Манай улс хэдийгээр хүн амын нягтрал багатай, өргөн уудам нутаг дэвсгэртэй, хүлэмжийн хийн шингээгчийн асар том нөөцтэй, дэлхийн хүлэмжийн хийн ялгарлын маш бага хувийг эзэлж байгаа ч эдийн засгийг тэлэх, дэд бүтэц, эрчим хүчний эх үүсвэрүүдийг ногоон болгох, мэдлэгт суурилсан, ногоон техник, технологийг нутагшуулах талаар улс орнуудтай тэр дундаа Сингапур Улстай хамтран ажиллах хүсэлттэй байгааг БОАЖ-ын сайд уулзалтын эхэнд илэрхийллээ.
 Монгол Улсын Засгийн газрын хувьд, уур амьсгалын өөрчлөлтийн асуудалд хүлэмжийн хийн зах зээлд оролцох, хүлэмжийн хийн худалдааг эрчимжүүлэх зорилготой төдийгүй уг ажлыг хийхэд бидэнд судалгаа шинжилгээний шинэ арга аргачлал, тооцоолол, хүний нөөцийг чадавхижуулах, санхүүгийн дэмжлэг тусламж шаардлагатай байгааг тэрбээр дурдлаа.
Сингапур Улсын туршлагаас дурдвал тус улсын Үндэсний Их сургуулийн Ази-Номхон далайн орнуудад хэрэгжүүлж байгаа хүлэмжийн хийн эх үүсвэрийн тооллого, сансараас тандан судлах судалгааны томоохон төсөлд Монгол Улсыг хамруулах боломж юм. Энэ нь их сургууль, судалгаа шинжилгээний байгууллагуудын уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх чадавхийг бэхжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд томоохон алхам болох юм.
 Түүнээс гадна уулзалтаар талууд цаашид хоёр улсын салбарын яам хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар харилцан санал солилцож, хүлэмжийн хийн зах зээл, түүнийг худалдаалах талаар төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, бодлого эрх зүйн орчинг сайжруулахад хамтран ажиллах, харилцан туршлага хуваалцахаар ярилцаж, УАӨ-ийн асуудлаар ойлголцолд хүрэх “санамж бичиг” байгуулахаар боллоо
Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.62.168)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.