“Бичил биетний тэсвэржилтийн талаарх мэдлэг, хандлагыг сайжруулах дэлхийн 7 хоног” болж байна
Үйл явдал
/
2022-11-20

Бичил биетний тэсвэржилтээс хамтдаа сэргийлж, тэмцье! уриан дор Мал эмнэлгийн ерөнхий газар, Эм, Эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар хамтран “Бичил биетний тэсвэржилтийн талаарх мэдлэг, хандлагыг сайжруулах дэлхийн 7 хоног” -ийг зохион байгуулж байна. 

Энэхүү аянг жил бүрийн 11-р сарын 18-24-ний хооронд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр гэсэн олон улсын 4 байгууллага уламжлал болгон Дэлхий даяар тэмдэглэдэг юм. 

Бичил биетэн гэдэгт нян, вирус, мөөгөнцөр, шимэгчийг хамааруулах бөгөөд бичил биетнийг устгадаг эсвэл түүний үржил, хөгжлийг нь саатуулах үйлчилгээ үзүүлдэг аливаа эм, бэлдмэлийг бичил биетний эсрэг эм (ББЭЭ) гэнэ. 
Харин бичил биетний тэсвэржилт (ББТ) гэдэг нь өвчин үүсгэгч нян, вирус, шимэгч хорхой, мөөгөнцөр зэрэг бичил биетэн ББЭЭ-нд дасал болж эмчилгээ, үйлчилгээ үр дүнгүй болохыг хэлнэ. 

Бичил биетний тэсвэржилт үүсэх үндсэн шалтгаан нь иргэд бичил биетний эсрэг эмийг хэтрүүлэн хэрэглэх, эсвэл дутуу, буруу давтамжтай зохисгүй хэрэглэх явдал юм. Мөн малчид, тариаланчид бичил биетний эсрэг эмийг мал аж ахуй, тариалан эрхлэлтэд зохисгүй, хяналтгүй хэрэглэснээр бичил биетний тэсвэржилтийн тархалтыг нэмэгдүүлэх нөхцөл бүрдэж байна.
Монгол улсад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар “Бичил биетний тэсвэржилтээс сэргийлэх салбан дундын үйл ажиллагааны төлөвлөгөө” 2022-2025 батлагдан харьяа байгууллагууд хэрэгжүүлэн ажиллаж байна. 

2022 оны аянд “Бичил биетний тэсвэржилтээс хамтдаа сэргийлье” уриатайгаар НЭГ ЭРҮҮЛ МЭНД концепцийн хүрээнд Монгол улсын хүн, мал, амьтны эрүүл мэнд, байгаль орчны салбарууд хамтран оролцоно. Иргэдэд чиглэсэн мэдээ мэдээллийг олон нийтийн мэдээллийн сүлжээгээр түгээх, АШУҮИС ба ХААИС-тай хамтран төгсөх дамжааны оюутнуудыг оролцуулсан хэлэлцүүлэг сургалт зохион байгуулах, БЕГ-тай хамтран ЕБС-ын сурагчдад мэдээлэл өгөх, олон салбарын оролцоог хангах зорилгоор салбар дундын хорооны анхны уулзалтыг зохион байгуулах болон бусад мэдлэг хандлагыг дээшлүүлэх ажлуудыг хийхээр төлөвлөөд байна.

Та үүнийг мэдэх үү?
•    2019 оны байдлаар дэлхий дахинаа 5 сая гаруй хүн тэсвэржсэн нянгийн халдварын хамааралтайгаар нас барсан бөгөөд үүнээс 1,3 сая нь шууд тэсвэржсэн нянгийн халдвараас шалтгаалан нас барсан.
•    Бичил биетний тэсвэржилт нь 2050 он гэхэд дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүнийг 3,8%-аар бууруулна. Бичил биетний тэсвэржилт нь хяналтгүй тархсаар байвал дараагийн 10 жилд жил бүр 3,4 триллион америк долларын ДНБ-ний хомсдолд оруулна. Мөн 24 сая гаруй хүн амыг туйлын ядууралд хүргэх аюултай.
•    Нэг шинэ нянгийн эсрэг эм /антибиотик/ нээж гаргахад 10-15 жилийг зарцуулан 1 тэрбум гаруй долларыг зарцуулдаг.
•    Үлдэгдэл болон хэрэглээгүй үлдсэн эмийг хог дээр хаях, 00-д урсгах нь бичил биетний тэсвэржилтийг улам хүндрүүлдэг.
•    Мал, амьтадыг эрүүл байлгах, антибиотикийн хэрэглээг бууруулах нь бичил биетний тэсвэржилт үүсгэхгүй байх чухал алхам юм
•    Хоол хийх, бэлтгэхээс өмнө гарын ариун цэврийг сахиснаар тэсвэржсэн бичил биетний халдварыг бууруулах боломжтой.
•    Ундны усны эрүүл ахуйг хангаснаар суулгалт өвчний эсрэг антибиотик эмчилгээний хэрэглээг 60% хүртэл бууруулах боломжтой. Ундны усны эрүүл ахуйг хангаснаар хүн амыг тэсвэржсэн бичил биетний халдвараас урьдчилан сэргийлж, амьдралыг чанарыг дээшлүүлж, эрүүл мэндийн зардлыг бууруулна.

Бичил биетний тэсвэржилтийн тархалтыг багасгаж болох хүчин зүйлс:
•    Хүн амын нягтаршлыг бууруулах, мөн хог хаягдал, ариутгалын менежментийг хангах
•    Халдвараас урьдчилан сэргийлэлт, хяналтын системийг хүн, малын эрүүл мэнд, мал, аж ахуй, ферм, хүнсний үйлдвэрүүдэд бэхжүүлэх
•    Мал, амьтанд антибиотикийн эмчилгээг дур мэдэн хэрэглэхгүй байх, зөвхөн малын эмчийн зааврын дагуу хэрэглэх.
•    Антибиотикийг хэрэглэх зааварт заасны дагуу тохирсон тунгаар бүрэн гүйцэт хэрэглэх. 
•    Ундны усны цэвэр байдал, орчны ариутгал халдваргүйжүүлэлт, мөн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалт юм. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.78.137)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.