Улирлын томуу, томуу төст өвчний тархалттай холбоотойгоор Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан Баянзүрх дүүргийн эмнэлгүүдэд ажиллалаа
Үйл явдал
/
2022-11-22
Улирлын томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Эрдэнэбаяр нар өнөөдөр Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төв, Баянзүрх нэгдсэн эмнэлэг дээр ажиллалаа.
Баянзүрх дүүргийн хэмжээнд амбулаториор 18659 хүн үйлчлүүлсний 2781 нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байна. Насжилтаар нь авч үзвэл 2-4 насны хүүхдүүд зонхилон өвчилжээ.
 
Цэцэрлэг, сургуулийн бага, дунд ангийн хүүхдүүд томуугийн халдвар авч өвдөж байгаа. Тиймээс томуугийн дархлаажуулалтыг сургууль, цэцэрлэг дээр түр цэг байгуулж, хамрагдалтыг сайжруулах шаардлагатай байгааг танилцуулсан. Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан дээрх ажлыг дэмжиж, хамтран ажиллана гэсэн юм.
Баянзүрх нэгдсэн эмнэлэгт өдөртөө томуу, томуу төст өвчинтэй холбоотойгоор 150-200 хүүхэд ирж эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч байна. Мөн 186 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Амбулаториор үзүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан хүүхдүүдийн мэдээллийг Яаралтай түргэн тусламжийн төв, Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төв, Баянзүрх нэгдсэн эмнэлэг нэг системд оруулж байгаа. Энэ мэдээллийг хүлээн авч өрхийн эмнэлгүүд тухайн хүүхдэд гэрээр эмчилгээ хийж хяналт тавин ажиллаж байна. Эмчилгээний үр дүн сайжрах, хүүхэд хүндэрсэн хойноо эмнэлэгт хандах асуудал тодорхой хувиар буурсан байна.
Энэ үеэр Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн Зөвлөх поликлиникийн Эх хүүхдэд үзүүлэх тусламжийн тасгийг засварлаж, тохижуулахаар болсон. Ингэснээр эх хүүхдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар дээшлэх юм.
Харин ковид-19 халдвар 11 дүгээр сарын 14-нд 95, 11 дүгээр сарын 15-нд 95 тохиолдол тус тус батлагдсан байна. Хөдөлмөрийн насны буюу нийгмийн харилцаанд идэвхтэй оролцдог насанд хүрэгчид өвчлөх хандлагатай байна. Иймд амны хаалт тогтмол зүүж, халдвар хамгааллын дэглэм баримтлахыг анхаарууллаа. Мөн Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвөөс ковид-19 халдварын үеийн амбулаторийг ажиллуулах бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.12.123.2)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.