Анх удаа гадаад улсын иргэн Жэк Уэтерфорд “Чингис хаан” одонгоор шагнагдлаа
Үйл явдал
/
2022-11-25

Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан иргэнийг "Чингис хаан"одонгоор шагнадаг билээ.

Энэ жил тус шагналыг монголч эрдэмтэн, АНУ-ын иргэн Жэк Уэтерфорд, Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор, профессор Д.Доржготов  хүртлээ. Гадаад улсын иргэн “Чингис хаан” одонгоор анх удаа шагнуулж байгаа нь энэ. “Чингис хаан” одон хүртсэн Жэк Уэтерфорд гэж хэн бэ?

  • Жэк Уэтерфорд АНУ-ын Өмнөд Каролина мужийн Колумбиад төржээ. Өмнөд Каролинагийн их сургуулийг 1967 онд улс төрийн шинжлэх ухааны мэргэжлээр төгссөн бөгөөд социологи, антропологийн чиглэлээр мастер, доктор хамгаалжээ.
  • Тэрбээр 10 настайгаасаа эхэлж Монголын түүхийг судалж эхэлсэн байна. 20 гаруй настай байхдаа Монголын зохиолчдын эвлэл рүү захидал бичиж, Монгол Улсад ирж үзэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн боловч нийгмийн хоёр системийн зөрчлөөс болж, Монголд ирж чадаагүй байна.  Ингээд Монголын тухай түүхэн судалгааны номоо биччихээд Монголд ирж, үргэлжлүүлэн гүнзгийрүүлэн судалж 7-8 жил энд амьдаржээ.
  • ХХ зууны сүүл үеэс Монголын түүх, соёлыг судалж эхэлсэн тэрбээр Чингис хаан судлалын хүрээнд “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан” номыг 2004 онд гаргасан нь энэ чиглэлийн хамгийн өндөр борлуулалттай бүтээлүүдийн нэг болжээ.  Бүтээлд Чингис хаан бол ухаангүй, харгис хүн гэсэн ойлголтыг эсэргүүцэж, илүү алсын хараатай дүр зургаар гаргасан байдаг. Монголын эзэнт гүрэн зөвхөн цус урсгаж, эмх замбараагүй байдал үүсгэж байсан гэхээс илүүтэй дундад зууны үеийн дэг журмыг үгүй хийж, чөлөөт худалдаа, үзэл санааны шилжилт, шашны хүлцэнгүй байдлын эрин үеийг авчирсан гэж Уэтерфорд үзжээ.
  • 2010 онд “Монгол хатдын нууц түүх: Чингис хааны охид эзэнт гүрнийг хэрхэн аварсан бэ?” 2016 онд “Чингис хаан ба бурханы эрэлд: Дэлхийн хамгийн агуу байлдан дагуулагч бидэнд шашны эрх чөлөөг хэрхэн олгосон бэ” зэрэг бүтээлүүдийг туурвисан байна.
  • Түүнийг 2006 онд Монгол Улсаас гадаадын иргэдэд олгодог "Алтан гадас" одонгоор шагнажээ. Мөн 2010 онд Монгол Улсын Гадаад харилцааны яамны "Хүндэт одон", Монгол Улсын Ерөнхийлөгчийн одон медалиар тус тус шагнаж байсан юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.158.165)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.