“НАВЧИН ДОТОР ШҮЛЭГ БУЙ...”-ГААС“МААНИЙН ЗУРГААН ҮСГЭЭР ДАЛАВЧЛААД...” ХҮРТЭЛ БУЮУ“БОЛОР ЦОМ”-ЫН ТЭМДЭГЛЭЛ
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-11-29

Г.БАТСУУРЬ /Ph.D/ МУБИС

“НАВЧИН ДОТОР ШҮЛЭГ БУЙ...”-ГААС “МААНИЙН ЗУРГААН ҮСГЭЭР ДАЛАВЧЛААД...” ХҮРТЭЛ БУЮУ “БОЛОР ЦОМ”-ЫН ТЭМДЭГЛЭЛ

“Болор цом-40” наадам болохын өмнөх өдрийн үдээс хойно МЗЭ-ийн Гүйцэтгэх захирал О.Энхжавхлан утасдаж тус наадмын шүүгчээр ажиллуулах шийдвэр гарсан тухай дуулгав. Мандат авахаар очиж МЗЭ-ийн удирдлагууд зохиолч О.Энхжавхлан, яруу найрагч П.Нямлхагва нартай уулзлаа. Тэд “Болор цом” наадмаа сайхан хиймээр байна, хорооны зүгээс болон хувийн зүгээс хэн нэгнийг дэмжих болон дарах тухай ямар ч санаа байхгүй гагцхүү шүүгчид л шударга зөв шүүгээрэй гэж дахин, дахин хэлж байлаа. “Шүлгүүдийг цаасан дээр хэвлүүлэн хувилж шүүгчдэд өгнө үү” гэсэн хүсэлт байгааг хэлбэл удирдлагууд даруй хүлээж авснаар Болор цомын шүүгч болов.

Энэ цаг үеийн утга зохиолын хүрээний нэр хүнд бүхий 7 шүүгчийн шалгаруулалтыг давсан 40 найрагч шүлгээ уншиж, 5-р байранд яруу найрагч Ц.Гончиг, 4-р байранд Болор цомын эзэн, яруу найрагч Л.Моломжамц, 3-р байранд Болор цомын эзэн, яруу найрагч О.Цэнд-Аюуш, 2-р байранд Болор цомын эзэн, яруу найрагч Д.Галсансүх, 1-р байранд яруу найрагч М.Амархүү нар шалгарлаа.

Яруу найрагч Ц.Гончиг эхний даваанд “Номон завсар хавчуулаад...” гэж эхлэх нэргүй шүлэг уншив. Навчин судалд үгс тодорхуйяа даруй чиний минь үсэн ширхэгт уусаж яруусахуйн агшнаа мөр бадгууд дуралзахыг буулгасан мөн шүлэгт:

«...Шидийг олсон нүдээр чамайгаа ширтэхэд

Шүлгийн мөр бүр үсэнд чинь хувилаад үлдэв

Санчигнаас чинь эхлээд гэзэг дүүргэн мөнгөрөх

Сайхан үгсийг сүлжих гэж би хичнээн ч өдөр суулаа даа» хэмээн дуудах ажээ. Молхи миний хувьд эхний давааны онцлох шүлэг энэ байсан бөгөөд шүлгийн цэнгэг агаар нэн таалагдав. Яруу найрагч Ц.Гончиг гэдэг хүнийг би танихгүй ч гэлээ түүний тунгалаг мэдрэмжийг хүндэтгэх сэтгэл өөрийн эрхгүй төрлөө. Орчлонгийн жамыг хөзөрт хувилган ээж, хөзөр хоёрыг харшуулан бичсэн нь сайн л шүлэг, гэхдээ байдаг л санаа, харин сүүлийн даваанд “Хайрын шаналан ямар вэ?” хэмээн уншлаа, над бол “Арай л хөнгөдөв үү дээ” гэж санагдсан болохыг нуухгүй.

Дөрөвт орсон яруу найрагч Л.Моломжамц энэ наадамд «ханагар» оролцлоо. Юунд ч яарсангүй, чичирсэнгүй, мэдрэмжээ ураар гүйцээсэн унших л ёстой шүлгүүдээ жигд сайхан уншив, Болор цомын эзэн шиг л байлаа. Найрагч Л.Моломжамц бээр:

« Мөсөн арлын болор гадас умраас цэнхэртэх холын дууг би юутай ч зүйрлэшгүй шиг

Мөнхийн үзэмж чинь тэнгисийн гүнээс сувд шиг ирмэчих урсгалаар ирдгийг чи таашгүй 

Түмэн жилийн хүний сор, байгалийн шим анхил биед чинь цогцолсныг ялган өгүүлшгүй

Төгс гүйцсэн ягаан дарс, өнгө булаам цэцгийн сайхныг сануулан суух чинь гайхамшигтай

 

Хамгаас хэцүүд ч чи эрдэнэ мэт урьтан тэвэрч, нарны гэрэл шиг сэтгэлийг асаадаг бол

Хайр хэмээх аялгууг үргэлжлүүлж, чиний уригч ертөнцийн сандалд үүрд хашигдюу.» хэмээн “эрт, эдүгээг сануулан нуугдсан сэтгэлийг сэрээн” дуудах “Чиний эгшиг” шүлэг нь мөн наадмын бас нэгэн онцлох шүлэг байв. Сүүлийн даваанд уншсан “Хуучин даавуу шиг” шүлэгт:

« Аль эсвэл бид аясхан бодолдоо нэгнийгээ хүүрнэсээр, уулзахсан гэж хэнэггүйхэн зовнисоор,

Амьдралын уртад тохиосон хамгийн сайн нөхөр гэж бат итгэсээр мөнхөд холдсон ч байж болох юм.

Тоононы нар багад хоймрын ширмэл дундуур сунайгаад үд ташдаг байсныг санаж нэг уулзахсан гэвч анд минь

Тохиосон амьдралын зовлон, баяр бүхнээс чинь үргэлжид хол байсандаа хуучин даавуу мэт өөртөө ад үзэгдэж, нүдний аяганаас чийг даамуй.» хэмээн уншлаа.  

Гуравт орсон Болор цомын эзэн О.Цэнд-Аюуш харгүй сайхан оролцов, угаасаа ч эрхэмсэг мэдрэмжтэй найрагч, түүнийгээ баталсан түүхэн сэдэвтэй шүлгүүдийг нургил хонгор дуугаар уншихад үзэгчид уухайлж, шүүгчид үнэлж байв. Тэрбээр:         

«...Түүх гэдэг үүд юм

Сөхөөд орвол хаан минь л байна

Түүх гэдэг зүүд юм

Сэрээд харвал хорвоо л байна даа» гэх буюу

«Бардам зан минь үнс байсан байна аа

Баатар эрс минь тос байсан байна

Хана хэрэм минь давс байсан байна

Хаад ихэс минь ховс байсан байна...» зэрэг түүхэн ухаарлын

шүлгүүдээ дуудлаа. Л.Моломжамц, О.Цэнд-Аюуш, Д.Галсансүх нар шиг Болор цомын эзэд нь оролцох тусам наадам сайхан болдог хойно.

Хоёрт орсон Болор цомын эзэн, яруу найрагч Д.Галсансүх сүүлийн жилүүдэд уран бүтээлдээ дахин сэргэлт хийж байгаа. Д.Галсансүх бол том найрагч. “ТОМ” байхад нэг л зовлон бий. Тэр зовлон энэ удаад Галсааг тойрсонгүй, тэр бол өөрийгөө давтахын зовлон болой. Олон жилийн өмнө “Монголын радио хятадаар мэндлэхэд би үхнэ”, ноднин бил үү дээ, “Хятад хэл минь” сая “Хятад сургууль”. Олон жилийн өмнө “Сэтгэл гэдэг эрхтэн” сая:

«Нохойнд хүртэл сэтгэл гэдэг эрхтэн байдаг учрыг

Нас барсан эзнээ өртөөн дээр хүлээх нохой нотолдог

Хүмүүнд үнэнч сэтгэл үргэлж дутагддаг учрыг

Хос хунгийн дууль хэлээд л өгдөг...» гэж уншив. Эдгээр баримтууд бол том найрагч өөрийгөө давтахын зовлон. “Хэл бол бодлын эрхтэн” хэмээх неопозитивизмын баримтлалыг монголын яруу найрагт Б.(Баатар овогтой байх үедээ Г.Б)Галсансүх найрагч гайхалтай нутагшуулсан нь шинэчлэл болсон билээ. Харин энэ наадамд “Модон морьтой явахад минь цусан дотор минь мөнхөрсөн”, “Бөгтөр болтлоо бодоход таяганд тэвчээр байх шиг санагддаг” зэрэг зөвхөн түүнийх гэж тодорхойлогдох мөрүүд цуурайлж байсан ч гэлээ өөрийгөө хэт давтчихлаа даа гэж санагдав.

Болор цомын эзэн болсон яруу найрагч М.Амархүү эхний даваанд “Эзэн Чингисийн хэлмэгдсэн хэл бичиг”, хоёрын даваанд “Шидэт хашаа ба эрээн хорвоо”, сүүлийн даваанд “Ургийн мод хэмээх тоон хэлхээс” хэмээх шүлгүүдээ уншлаа. Түүний энэ наадамд уншсан шүлгүүд маш нухацтай, илүү боловсруулалт хийсэн, даацтай, чамбай, «нүсэр» ч гэмээр атлаа яруу найргийн мэдрэмж, уянгаасаа үл холдсон байв хэмээн дүгнэхэд хилс болохгүй болов уу. Дурдсан гурван шүлгээс миний хувьд “Шидэт хашаа ба эрээн хорвоо” шүлгийг нь онцолмоор байна. Мөнхүү бүтээлийн зарим мөр бадгууд нь ёгтлол бус бүхэлдээ «ёгт шүлэг» байсан нь шинэлэг. Мөн шүлгээс чухам л зураач хүн л бичих болов уу гэмээр:

«...Манай хашааны завсраар мөөрөгч хүрэн үнээний дуу дотогшоо цэцэг болон ургаж байхад

Манай хашааны дотроос хуцагч хар нохойны дуу гадагшаа эрвээхэй болон нисэж байдаг...» зэрэг болон ертөнцийн жам хийгээд монгол газар шорооноо хүмүүн ирж буцахын учрал, хагацлыг:

«...Манай хашаанд олон жил айл гэр болон тоглосон өвгөд эмгэд

Маанийн зургаан үсгээр далавчлаад уван цуван нисэн одоцгоож л байдаг...» хэмээн дүрсэлжээ. Эцэст нь газар шороо, улс монголоо өмөөрөхийн ухаарлыг:

«...Манай хашааны хаалганд бурхан татах бариул байхгүй байхад

Манай хашааны завсраар чөтгөр шургах зай байсаар л байдаг» хэмээн дүгнэн хураасан нь шүлгийг төгөлдөржүүлжээ. Ийнхүү нэгэн улс гүрний амьдралын өнгөрсөн, одоо, ирээдүйг нэгэн дор цогцлоон хурааж заримдаа хөнгөн зугаатай, заримдаа харамсан халаглам, заримдаа уянгатай, заримдаа ухааралтай бичиглэсэн бүрэн ёгт шүлгээ хоёрын даваанд уншсан бол сүүлийн даваанд зүүний үзүүр дээр нэгэн ширхэг будаа тогтон үлдэхийн дайтай заяагдах нэгэн хүмүүний амьдарлыг бүтэн есөн үеэр нь тооны бэлгэдэлд хураасан “Ургийн мод хэмээх тоон хэлхээс” шүлгээ уншив. М.Амархүү найрагчийн энэ наадамд уншсан шүлгүүдийг уран зургаар хэлбэл цаас ба зосон даавуун дээрх усан ба тосон будгийн ажлууд биш төрийн хүндэтгэлийн ханан дээрх монументаль урлагийн сүрлэг бадрангуй туурвилууд байв. Чингэхдээ монголчуудын эх түүхийн бадрал буурлыг эзэн Чингисийн хэл бичгээр төлөөлүүлсэн, монголынхоо өнөө ба ирээдүйн оршихуйг нэгэн хашааны ахуйгаар ёгтолсон, монгол хүмүүний амьдралын үеүдийг тооны бэлгэдлээр нээснээрээ өвөрмөц хийгээд даацтай байлаа. Харин наадмын даваануудын оноог нэмж нийлбэр дүн гаргаагүй бөгөөд уламжлал ёсоор даваа бүрт уншсан шүлгүүдийн оноогоор дүгнэсэн. Тэгэхээр “Ургийн мод хэмээх тоон хэлхээс” шүлэг бол сүүлийн даваанд уншигдсан таван шүлгээс хамгийн өндөр оноо авсан шүлэг юм.

Эхний таван байранд орсон найрагчдын хувьд ийм байлаа. Наадамд олон сайхан шүлгүүд уншигдсан бөгөөд энэ жилийн наадамд урд жилүүдийнхээс илүү сайн шүлгүүд уншигдах шиг санагдлаа, гэвч эндүүрсэн байж магадгүй. Миний хувьд энэ наадмын онцлох гурван шүлэг гэвэл яруу найрагч Ц.Гончигийн “Номон завсар хавчуулаад...” гэж эхлэх нэргүй шүлэг, Болор цомын эзэн, яруу найрагч Л.Моломжамцын “Чиний эгшиг”, яруу найрагч М.Амархүүгийн “Шидэт хашаа ба эрээн хорвоо” шүлгүүдийг нэрлэх байна. Мөн яруу найрагч Г.Лхагвадоржийн ухаарал, ур, сэтгэлгээгээр жигдлэн бүтээсэн “Түлээ хагалахуй”, яруу найрагч О.Элбэгтөгсийн ариусахуйн тунгалаг мэдрэмжээрээ түрэн бичсэн Буддагийн цуврал шүлэг, яруу найрагч Д.Сосорбарамын өвөрмөц содон дүрслэл, бүтэц бүхий “Эх орон гэх үг” зэрэг шүлгүүд “Болор цом-40” наадмын сонин талстууд болон гялалзаж байсныг онцлон тэмдэглэхийг хүсэж байна. Ахмадуудаас наадамд «Шар» хэмээх өргөмжит найрагч Л.Мягмарсүрэнгийн шүлгүүд онцгой сэтгэгдэл төрүүлсэн боловч уншсан хүн нь өөрөө шүлэг шигээ байж эс чадсан тул боломжуудаа үгүй хийв.   

Энэхүү бяцхан тэмдэглэл нь зөвхөн миний л мэдрэмж, үнэлэмж бөгөөд наадам хийгээд шүлгүүдийн талаар яруу найраг сонирхдог хүн бүр л өөрсдийнхөөрөө дүгнэж байгаа, тэдгээрийг ямагт хүндэтгэх болно гэдгээ уламжилъя. Тэгээд ч “Болор цом” наадам бол яруу найргийн дээд хэмжүүр биш гэдгийг хэн бүхэн мэднэ. Харин энэ наадмыг шударга зөв болгохыг уран бүтээлчид, судлаач шүүмжлэгчид, МЗЭ-ийн гишүүд бид л шийдэх буй заа. Эцэст нь, “Болор цом” наадмын тухай хэдэн үг дайя. Цахим сүлжээнд элийрэн «дур тавигч» далдагагуудаас эхлээд зарим томоохон уран бүтээлчид “Болор цом” шиг хэрэггүй юм үгүй, хоцрогдсон соц үеийн синдром гэх нь бий, үнэн ч байж магадгүй. Харин би бол уран бүтээлчид ба уншигчдын уулзах цэг болохын хувьд байж байхад болохгүй зүйлгүй, хорвоогийн бүх л зүйлийг хүнд л зориулж бүтээдэг болохоор шүлэг яруу найрагт дуртай хэсэг хүмүүс цуглаад, нэг хэсэг нь уншаад, нөгөө хэсэг нь сонсоод, бас хэд нь дүгнээд зарим нэгийгээ шагначихад юу нь буруу байх вэ гэж хэмээн боддог хоцрогдсон амьтдын нэг болой.

2022-11-25

Сэтгэгдэл:
Таны IP: (18.227.79.241)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.