Монгол улсын гавъяат уурхайчин Гэндэнжавын Отгонпүрэв Монгол улсын хөдөлмөрийн баатар боллоо
Үйл явдал
/
2022-12-02
Бүгд Найрамдах Улс тунхагласны 98 жилийн ой, Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, Уул уурхайн салбарын 100 жилийн ой, "Монгол бахархлын өдөр"-ийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж Багануур ХК-ийн ахмад уурхайчин, экскаваторын машинч, Гавъяат уурхайчин Гэндэнжавын Отгонпүрэвт Монгол улсын Хөдөлмөрийн баатар цол олгож Хөдөлмөрийн баатрын “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.
 
Багануурын уурхайн 4 дэх Хөдөлмөрийн баатар Г.Отгонпүрэв нь 1963 онд Дундговь аймгийн Луус суманд төрсөн. 1971-1981 онд Мандалговь хотын Нэгдүгээр 10 жилийн сургуулийг төгсөөд 1981 оны 8-р сард МХЗЭ-ийн илгээлтээр их бүтээн байгуулалт өрнөсөн Багануурын уурхайд ирсэн юм.
 
Тэрээр сурагчийн ширээнээс ажилчин болж, Зөвлөлтийн мэргэжилтэн И.В Алёшинко ахлагчтай өрлөгийн интернациональ бригадын гишүүнээр ажиллаж Багануур хотыг бүтээн байгуулах ажилд гар бие оролцож явсан юм. 1982 онд ЗХУ-ын Украйны Александрия хотод экскаваторын цахилгаан тоног төхөөрөмжийн засварчны курст суралцан мэргэжил эзэмшсэн. Г.Отгонпүрэв нь 1983-1986 цэргийн алба хааж ирээд Багануурын уурхайн Уулын 1-р хэсгийн В.Хашхүү ахлагчтай ЭШ-15/90 №137 алхагч экскаваторын 2-р туслах машинчаар ажиллаж эхэлсэн.
Зөвлөлтийн мэргэжилтэн В.И.Лысов, А.И Жуков Монгол машинч Д.Ганболд, Д.Ганбат, Б.Баатар нараар тус экскаваторын тосолгоо, үйлчилгээг хэрхэн хийх, механик болон цахилгаан экскаваторыг яаж удирдан ажиллуулахыг заалгаж байсан түүхтэй. Эдгээр багш нарыхаа мэддэг чаддаг бүхнийг сурч эзэмшин 1990 онд 1-р туслах машинч, 1993 онд машинч болон дэвшиж 2022 оныг хүртэл ЭШ-15/90 №137 экскаваторын машинчаар ажилласан юм.
Г.Отгонпүрэв нь уурхайн хөдөлмөрийн хүнд нөхцөлд тасралтгүй 36 жил ажиллахдаа төлөвлөгөө нормоо сар бүр 100-135 хувиар биелүүлэн ажиллаж төвийн бүсийн эрчим хүчний системийг нүүрсээр тасралтгүй хангахад өөрийн мэргэжлийн ур чадвар, мэдлэг, оюун ухаанаа бүрэн дайчлан хамт олноо хошуучлан ажилласан Багануур ХК-ийн тэргүүний ахмад ажилтан, Гавъяат уурхайчин.
Өөрийн сурч мэдсэнээ бусдадаа заан сургаж Багануурын уурхайн алхагч экскаваторын машинч нарыг сургаж төлөвшүүлэх ажлыг хийж Д.Мөнхжаргал, Л.Насанжаргал нарыг машинчаар сурган бэлтгэж, Г.Түмэнжаргал, М.Дэлгэрсайхан, Т.Энхбаяр нарын шавиа 1-р туслах машинчаар сургаж бэлтгэсэн нь одоог хүртэл Багануурын уурхайд үр бүтээлтэй ажиллаж байна.
Г.Отгонпүрэвийн хөдөлмөр, амжилт бүтээлийг төр засгаас үнэлж 1988 онд МХЗЭ-ийн Төв хорооны Хөдөлмөрийн алдар алтан медаль, 1991 онд Монгол улсын Тэргүүний уурхайчин цол, 2003 онд Төрийн дээд шагнал Алтан гадас одон, 2009 онд Монгол улсын Гавъяат уурхайчин цол тэмдгээр шагнасан юм.
Монгол Улсын Төрийн дээд шагнал “МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР” цолоор шагнуулсан Гэндэнжавын Отгонпүрэв танд баяр хүргэе. Амьдралын хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.255.87)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.