“Хөдөлмөрийн нөхцөлийн ангилал 77-р тушаалын хэрэглээ, эрх зүйн зохицуулалт”сэдэвт зөвлөгөөн боллоо
Үйл явдал
/
2022-11-24

“Хөдөлмөрийн нөхцөлийн ангилал, 77-р тушаалын хэрэглээ, эрх зүйн зохицуулалт” сэдэвт зөвлөгөөн өнөөдөр Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захиргааны хоёрдугаар байрны “Оюу” танхимд боллоо.

Зөвлөгөөнд Эрдэнэт үйлдвэрийн Хүний нөөц, захиргааны хэлтэс, ХАБЭА-н хэлтэс, Эдийн засгийн хэлтэс, бүтцийн нэгжүүдийн төлөөлөл, аймгийн Нийгмийн даатгалын болон МХГ-ын улсын байцаагч нар оролцов. Тус зөвлөгөөнд ХАБЭА-н хэлтсийн дарга Д.Мөнхболд, аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Д.Нармандах, МХГ-ын Нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч Н.Баясгалан, Эрдэнэт үйлдвэрийн ХАБЭАХ-ийн Эрүүл ахуйн товчооны дарга О.Алтансүх, Хөдөлмөрийн нөхцөлийн инженер С.Алтанхуяг нар “Хөдөлмөрийн нөхцөлийн ангилал, тулгамдаж буй асуудал”, “Тэтгэврийг хөнгөлөлтэй тогтоох эрх зүйн зохицуулалт, анхаарах асуудлууд”, “Ажлын байрны тодорхойлолт, заагдсан ажил үүргийг хөдөлмөрийн нөхцөлийн ангилал, ажил мэргэжлийн нэршилтэй нийцүүлэх нь”, “Хөдөлмөрийн нөхцөлийн ангилал тогтоох үйл ажиллагаа, 77-р тушаалын уялдаа холбоо маргаантай асуудлыг шийдвэрлэх нь”, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хөдөлмөрийн нөхцөлийн ангилал, ажил мэргэжлийн жагсаалт, хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ” сэдвээр тус тус илтгэл тавьж санал бодлоо солилцлоо. Түүнчлэн МХГ-ын нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч Н.Баясгалан, “Ажил олгогчийн баталж, мөрдүүлэх ажлын байрны нэршил ажил мэргэжлийн жагсаалттай нийцэх ёстой. Ажлын байрны нэршлийг Хүний нөөц хариуцан ажиллана. Хөдөлмөрийн нөхцөлийг ХАБЭАХ хариуцдаг. Энэ бүхэнд Хуулийн хэлтэс хяналт тавих үүрэгтэй. Иймээс ажлын уялдаа холбоог ханган ажиллах нь чухал” хэмээн онцлов. Энэхүү зөвлөгөөний ач холбогдол, зорилгын талаар Эрдэнэт үйлдвэрийн ХАБЭАХ-ийн дарга Д.Мөнхболдоос тодруулахад, “Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд хөдөлмөрийн гэрээ шинэчлэгдсэн. Иймээс хөдөлмөрийн нөхцөл өөрчлөгдөх тохиолдол гарч үйлдвэрийн ажиллагсдаас санал гомдол гаргах болсон. Тухайлбал, хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаа хүний хөдөлмөрийн гэрээг хэвийн нөхцөлөөр хийлээ, гэх мэт. Үүнтэй холбоотой Орхон аймгийн МХГ-аас дүгнэлт гарсан байна. Тэгэхээр ажлын байр, хөдөлмөрийн нөхцөлийн талаар нэгдсэн үнэн зөв мэдээлэл өгөх зорилгоор энэхүү зөвлөгөөнийг зохион байгууллаа. Ер нь хөдөлмөрийн нөхцөлийг хэрхэн яаж, хэн тогтоодог юм. Үүнийг хөдөлмөрийн гэрээ байгуулахад хэрхэн ашигладаг  юм гэсэн процессын дараалал зарим газар алдагдаж байна. Зарим нь буруу ойлголттой явж байна. Бид бүгд хөдөлмөрлөсөөр гавьяаныхаа амралтад гардаг. Тэгэхээр гавьяаныхаа амралтыг зөв эдэлж чадахгүй нөхцөл үүсэж байгаа нь тогтолцоо буруу байгаатай холбоотой. Энд хэн нэгнийг буруутгах гэсэнгүй. Өнөөдөр Эрдэнэт үйлдвэр НХХЯ-ны сайдын тушаалыг хэрэгжүүлэх хүрээнд ажиллах ёстой. Иймээс орон нутагт хяналт тавьж ажилладаг МХГ, Нийгмийн даатгалын газраас мэргэжилтнүүдийг урьж цаашид Эрдэнэт үйлдвэр ажилтнуудаа тэтгэвэрт гаргахад нь юуг анхаарах юм, мэргэжлийн нэршил нь яагаад зөрдөг юм, энэ талаар зөвлөгөө авлаа. Өөрөөр хэлбэл, бидэнд хууль эрх зүйн хүрээнд албан ёсны мэдээ, мэдээлэл өглөө. Цаашид Эрдэнэт үйлдвэрийн ажиллагсдын мэргэжлийн зарим нэршлийг хуульд зааснаар тохируулж, хөдөлмөрийн нөхцөлийг зөв тогтоох ёстой юм байна. Ингэхдээ стандарт шаардлага хангасан зөвшөөрөлтэй байгууллагаар хөдөлмөрийн нөхцөлийг тогтоолгох ёстой гэсэн шийдэлд хүрлээ” гэв.  

 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.124.49)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.