Б.БАТ-ЭРДЭНЭ: Иргэд дуртай газраа очоод хонохыг хориглох тухай хууль байхгүй
Үйл явдал
/
2022-12-03

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ: Аялал жуулчлалын тур операторын үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэй эрхэлнэ гэдэг нь 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжих Зөвшөөрлийн тухай хуульд тусгагдсан. Одоо ч гэсэн таван төрлийн зөвшөөрлийн гэрчилгээг Аялал жуулчлалын холбооноос  тур операторын үйл ажиллагаа эрхлэгчдэд олгож байгаа. Жил болгон 100 мянган төгрөгийн хураамжтай. Энэ мөнгийг авч байгаа. Бид үүн дээр ямар ч өөрчлөлт хийгээгүй.

Зөвшөөрөлгүй тур оператор компаниуд гадаадаас Монголд орж ирээд зах зээл эзлэх, тур оператор нэртэй компаниуд монголчуудыг гадаадад паспортгүй, буудалгүй болгож орхисон асуудал хүртэл үүсэж байсан. Ийм эрсдэл үүсгэхгүй үүднээс одоо байгаа ангиллын гэрчилгээг тусгай зөвшөөрөл гэдэг утгаар нь хуульд нийцүүлж байгаа. 

Дотоодын иргэд энэ тэнд очоод майхан барьж болохгүй болсон байна гэдэг асуудлыг хөндөж байна. Энэ дээр маш буруу ойлголт түгээсэн. Өөрөөр хэлбэл, улсын болон орон нутгийн аялал жуулчлалын бүс гэж хоёр ангилж байгаа. 

Улсын аялал жуулчлалын бүс гэдэг нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар нийт газар нутгийн 21 хувийг хамарч байгаа, 32.7 сая га газар дээр байгаа ашиглалтгүй буюу тусгай хамгаалалтад авчихсан байгаа газрууд дээр тодорхой хэмжээнд аялал жуулчлалыг зохистой ашиглалтаар нь хөгжүүлэх буюу отоглох цэгүүдийг байгуулах юм. Тусгай хамгаалалттай газар нутагт зөвхөн отоглох цэгээр үйлчлүүлэх хэлбэрээр хуульд оруулж байгаа.

Хуульд орон нутгийн аялал жуулчлалын бүс гэдгийг хамтатгаад оруулчихсан байсныг хасах ёстой гэж харж байна. Зөвхөн улсын аялал жуулчлалын бүс буюу тусгай хамгаалалттай газар нутгууд дээр явагдаж байгаа аялал жуулчлал, газар нутгийг эдийн засгийн эргэлтэд оруулах хэлбэрээр явж байгаа заалт юм шүү.

Түүнээс биш иргэд дуртай газраа очоод хонодог байсныг болиулж байгаа утга агуулга Аялал жуулчлалын тухай хуулийн төсөлд байхгүй

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.233.205)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.