"НҮҮРСНИЙ ХУЛГАЙ"-н мөрөөр ...
Үйл явдал
/
2022-12-13
Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх хүрээнд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд ажиллалаа. “Нүүрсний хулгай”-н гол талбар болоод буй "Тавантолгой" ХК-д үүрэг гүйцэтгэх Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгчийн ажлыг хүлээлцүүлж, үүрэгт ажилд нь орууллаа.
 
Газар дээр нь ажиллах үеэр "Тавантолгой" ХК-ийн захирал нь 340,000 тонн нүүрс шатсан, үйл ажиллагаа хариуцсан дэд захирал нь шатаагүй, исэлдсэн мэтээр зөрүүтэй мэдээлэл тайлбар хийж байгаа нь олон түмнийг төөрөгдүүлсэн зохисгүй үйлдэл юм. 340,000 тонн нүүрс гэдэг бол 6,400 шаланз машин нүүрс. Их хэмжээний нүүрс яасан нь тодорхойгүй гэдэг тайлбарыг удирдлагууд нь хэлж байна.
 
Исэлдэх гэдэг нь газар доор байж байгаад исэлддэг эсвэл шатдаг зүйл огт биш, хэдэн сая жил газар доор хадгалагдсаар ирсэн зүйл. Исэлдэх гэдэг нь тэсэлж хөрсийг нь хуулаад тухайн нүүрсийг газар доороос гаргаж, дараагийн цэгт буулгах зэргээр тодорхой хугацаанд нар, салхинд буруу хадгалсан тохиолдолд исэлдэх процесс явагдана.
 
Олборлогч компанийн ТУЗ-өөс оны уулын ажлын болон олборлолтын төлөвлөгөөг баталж, Ашигт малтмалын газарт хүргүүлдэг байх учиртай мөн худалдан борлуулах гэрээ нь ТУЗ-өөсөө том дүнтэй гардаг. Харин гүйцэтгэх нэмэлтээр гэх нэрийн дор жижиглэн худалдаж борлуулдаг. Ингэснээр анхны амны үнэ, “нэмэлт” гэрээний үнийн зөрүү дээрээс авилгал, албан тушаалаа ашиглах, бусдад давуу эрх олгох явдал үүсдэг байж болзошгүй. Нэг үгээр гэрээнүүдийг дамлаж зардаг гэсэн үг. Эндээс 20, 30 худалдан авагч гарч ирж байгаа. Энэ 20, 30 худалдан авагчид нүүрсээ урагш нь гаргахын тулд өөрсдийн эсвэл тээвэрлэлтийн компаниудын олон машинуудыг ашиглах шаардлага үүсдэг байна.
Уурхайн амнаас гарч байгаа нүүрс, уурхайгаас гараад БНХАУ-ын хил нэвтрэх хүртлэх гаалийн болон бусад байгууллагуудын хяналт үнэхээр харагдахгүй байна. Гэтэл бидэнд ирсэн мэдээллээр, Хятадын хилийн хяналтын талбай дээр буусан нүүрс аль компанийн аль машин, ямар сорьцтой гэрээний дагуу хэдэн хувийн алдагдалтай, эсвэл Монгол Улсаас удаж гарсан нүүрс үү, шинэ нүүрс үү, цаашлаад аль талбай дээрх нүүрс нь исэлдэх боломжтой, аль нүүрсийг нь цаашаа Баяннуур луу угаалганд явуулах уу гэх мэтчилэн энгийн хяналтын мэдээлэл байгаад зогсохгүй нүүрсийг хяналтын талбайгаас худалдан авах гэж байгаа Хятад тал, ченжүүд уг мэдээллийг гар утасныхаа апплекешнээр дамжуулан хардаг байна.
 
Бүрэн эрхт төлөөлөгч ажилдаа орсноор хяналт шалгалтын ажил ийнхүү эхэллээ. БНХАУ-ын гаальд мэдүүлсэн нүүрс худалдах гэрээнүүд гол эд мөрийн баримт болно. БНХАУ-ын гааль нүүрс авч байгаа худалдагч, худалдан авагч хоёрын гэрээг урьдчилж бүртгүүлж, мөн машинуудыг давхар бүртгүүлсний үндсэн дээр нүүрсний татан авалтыг эхлүүлдэг байна. Энэхүү гэрээг бүртгүүлж, Хятадад улсад нэвтэрч ороод хяналтын талбай дээр бууснаар гэрээн дэх тонн жингээсээ хасагдах зарчмаар тооцоо нийлдэг гэх мэдээ байна. Хэдийгээр хоёр улсын гааль бүртгэлийн систем нэг боловч гэрээ хянаж байгаа, хасагдаж байгаа, гэрээний дугаарууд, хэний хэний ямар машинууд гэдэг нь энэ системтэйгээ зөрөх магадлал өндөр. Хамгийн үнэн зөв мэдээлэл аль нь вэ гэдгийг тогтоохын тулд Хятадад бүртгэгдсэн үсэг тоотой гэрээнүүд чухал. Эдгээр гэрээнүүдийг бүгдийг нь татаж үзвэл Монголоос Хятадын хил рүү оруулсан нүүрсний тонн жин бодитой гарах боломжтой. Мөн нүүрсний гарал үүсэл буюу сорьц нь ч тогтоогдоно.
May be an image of 5 people, people sitting and people standing
Тэгвэл гаалиар гарсан нүүрс ЭТТ-ийн нүүрс үү, эсвэл орон нутгийн ТТ-н нүүрс үү гэдэг нь харагдана. Учир нь дээрх хоёр орд нь өөр өөр сорьцтой ордууд юм. Ялангуяа орон нутгийн ТТ-н нүүрс газар дээрх агууламж нь коксжих нүүрсний сорьц, илчлэг, үнслэг байдал нь бага байдаг гэдэг. Гэтэл ачигдаж борлуулсан гэх нүүрс нь өндөр чанарын коксжсон нүүрсний сорьцтой гэсэн байгаа. Энэ юутай холбоотой байж болох вэ гэхээр, жижиг ТТ, ЭТТ хоёр компани хоорондоо үгсэн хуувилдаж, орц гарцаа нэг болгож ажилласан байж болзошгүй гэсэн хардлага ч их байна. ЭТТ нь жижиг ТТ амаар дамжсан байхыг үгүйсгэхгүй. Хөрс хуулалт мэдээж заримдаа өнгөн хэсэгтээ нүүрсний агууламжтай хуулагддаг. Харин ЭТТ нь үүнийгээ сайн чанарын нүүрсийн тонн жингээр солих, нэг үгээр бол хуулсан хөрсөө “шатсан” нүүрсний хэмжээнд сольж байж магад гэсэн үг юм. Энэ мэтчилэн нүүрсийг шороо болгож Монгол Улсын бүх хяналтын газарт мэдээ тайлан өгч явсныг үгүйсгэхгүй байна.
Ингээд олон жилийн ужиг, нүүрсний хулгайн асуудалд нэг мөр цэг тавих үүднээс дараах арга хэмжээг яаралтай авах шаардлагатай гэж үзлээ. Үүнд:
1. ЭТТ ХК, Тавантолгой ХК-д олон улсын итгэмжлэгдсэн хөндлөнгийн аудитын байгууллага шалгалт оруулах.
2. Хөндлөнгийн Экспертүүд уулын ажлын төлөвлөгөө, хөрс хуулалт, тэсэлгээ, олборлолт, сорьц зэрэг үйл ажиллагааны түүхүүдийг шалгах.
3. БНХАУ-ын гаальд бүртгүүлсэн гэрээг холбогдох байгууллагууд нь таваж авах
4. Хятадын гаальд бүртгэлтэй гэрээнүүдийг хоёр талаас тулгах ажлыг яаралтай зохион байгуулах. 379,000, 340,000 тоннтой холбоотой гэрээ болон тухайн үеийн гаалийн мэдээллийг Хятадын талд байгаа албан дүнтэй зөрж байгаа эсэхийг нягтлан тогтоох.
5. Хятадын гаалийн мэдээ, ямар ч зөрүүгүй хэрнээ Монголын гаалийн мэдээтэй яаж нийлүүлж байсныг шалгаж тогтоох экспортын мэдээтэй тулгахад зөрүү гарч байгааг, зөрүү хаанаас үүсэлтэйг нягт шалгаж тогтоох.
6. Нүүрс алдагдсан гэх жилүүдийг онцгойлон шалгах. Орон нутгийн ТТ, ЭТТ хоёр компани хоорондоо үгсэн хуйвилдсан, нүүрс сольсон, нэг компанийн газар мэт явсан гэх мэдээллийг нэг мөр шалгаж тогтоох.
7. Нүүрс зарж буй 4 олборлогч байхад худалдан авч гаргадаг нь хэдэн арваараа байдаг. Орон нутгийн уурхайн нүүрс улсын газарт хүрч, буцаад ТТ-н амаар гардаг учир будилаан үүссэн байж болзошгүйг тодорхой болгох.
8. ЭТТ болон орон нутгийн "Тавантолгой" мөргөцөг алга болсон гэх үеэр жижиг ТТ компани үйл ажиллагаа явуулаагүй зогссон хэрнээ БНХАУ-ын компанийн том оврын экскаваторыг нууцаар оруулж ачилт хийж байсан гэх мэдээллийг хууль хяналтын байгууллага шалган тогтоох.
Эдгээр ажлыг нэн даруй хийж, асуудлын үнэн мөнийг тогтоож, иргэддээ үнэ бодит мэдээллийг хүргэх болно.
Сэтгэгдэл:
Таны IP: (52.14.39.59)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.